Э.БӨХБАТ: Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг болчихвол хөдөлгөөний ачааллыг 70 хувь бууруулах бүрэн боломжтой
Зочин:
Э.Бөхбат
Байгууллага:
Замын цагдаагийн алба
Албан тушаал:
Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа
Ажиллах арга барил:
Шударга, зарчимч

Enebish Bukhbat

02 сарын 13, 2017

Үзсэн: 1157

Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас авч  хэрэгжүүлж буй  зарим арга хэмжээний талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай  ярилцсанаа хүргэж байна.

-Ямар нэгэн баяр, тэмдэглэлт өдрүүдийн үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал улам  ихсэж, түгжрэл үүсдэг нь зуршил болсон. Удахгүй болох Сар шинийн баярын өмнөх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа юу?

-Томоохон баяр, ёслолын үеэр хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас таны хэлснээр урьдчилсан бэлтгэл ажил заавал шаардагддаг. Төвлөрсөн захууд болон бусад худалдааны төвүүд урьд өмнөхөөс тоо нь нэмэгдсэн байдал ч үүнд нөлөөлж, бараг сарын өмнөөс л авто замын ачаалал ихэсдэг болчихоод байна. Иймд  Замын цагдаагийн газраас тодорхой арга хэмжээ авч,  хөдөлгөөний зохион байгуулалтыг зайлшгүй хийж эхлээд байна. Тухайлбал, сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүд таарч буй хоёрдугаар сарын 11,12,18,19-ний амралтын өдрүүдэд тэгш, сондгой тоогоор нь зохицуулалт хийж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж байна.

-Баярын бэлтгэл базаах гээд хүн бүр хол ойр ч хамаагүй машинтай явдаг. Нитийн тээврийг түлхүү ашиглаад явбал цаг хугацаа ч хэмнэх талтай юм шиг харагддаг?

- Иргэдийн дийлэнх нь нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлдэг болчихвол хотын замын гацаа, түгжрэл тодорхой хэмжээгээр буурч болох талаар өмнө нь  ярьдаг л байсан. Тоо баримт, судалгаа ч байдаг.  Мөн захын дүүргийн Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт чиглэлийн газруудаас нийтийн  тээврийн хэрэгслийг баярын үеэр  нэмэгдлээр явуулна гэсэн шийдвэр аль хэдийнэ өгөгдсөн.  Ер нь нийслэлд маань хэдхэн томоохон зах, худалдааны төвлөрсөн цэгүүд байдаг. Тэдгээр нь аливаа баяр, ёслолын  үеэр маш их ачаалал, хөдөлгөөнтэй болчихдог. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх боломжийн тухайд  өнгөрсөн жилээс эхлэн зарим нэг ажил санаачлан хэрэгжүүлж байна.  “Нэг цэгийн үйлчилгээ” гэдэг шиг Цагаан сарын томоохон худалдаа, үйлчилгээг тухайлсан нэг газарт, хотын дүүрэг бүрт,  гэхдээ тодорхой 2-3 байрлалтайгаар замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж саад болохооргүй боломжийн газарт зохион байгуулах  болсон.  Иймд иргэд, олон нийт заавал аль нэг холын хүнсний зах, Нарантуул зах зэргийг зорих шаардлагагүй бөгөөд өөрсдийн оршин суугаа газрын тодорхой тогтоосон бүсэд байгаа зах, хүнсний төвүүд рүү түгжирч гацахгүй яваад очих боломж байна гэдгийг л онцлох гэсэн юм.

-Ер нь зам тээврийн ослын шалтгааныг ихэвчлэн  юунаас болдгийг танай байгууллага судалж  үздэг үү?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг судалгаа, шинжилгээнээс ангид авч үзэх нь учир дутагдалтай. Жил жилээр нь харьцуулсан судалгааг бид заавал хийгээд л явдаг. Ерөнхийдөө, замын ослын талаарх 5 төрлийн суурь  шалтгаан байна. Эхнийхийг нь бүгд мэднэ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох.  Тэрчлэн сүүлийн үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ зарим иргэд машин жолоодох болсон тухай яригдаж байгаа. Мөн хурд хэтрүүлснээс болоод осол аваар  их гардаг. Зарим жолооч  тээвэрлэх хамгаалалтын бүс хэрэглэхгүй байх болон хамгаалалтын малгай хэрэглэхгүй явах, тусгай зориулалтын суудал ашиглахгүй зорчих гэхчлэн ер  нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх олон зөрчил бий. Тодорхой хэлбэл,  80 гаруй зөрчлийн холбогдох шалтгаанууд байна. Тэдгээрийн эхний тавд саяны  нэрлэж хэлсэн  зөрчлүүд орж байгаа юм.  

-Хамгийн энгийн,  наад захын дүрэм журмыг ч сайтар баримталдаггүй байдлаас болоод  замын түгжрэл, бөөгнөрөл үүсэх нь элбэг байдаг гэх юм?

лаанбаатар хотын хэмжээнд нөхцөл байдлыг хараад байхад, автомашин хажуу хоорондын байр эзлэх явдал нэлээд хүндрэлтэй байдаг.

Хоорондын зай баримтлах, уулзвар гарц нэвтрэх тухай асуудал замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөн үйлдлүүдийн 60-70 хувийг эзэлж байна. Жолооч нар энэ тал дээр маш онцгой анхаарах хэрэгтэй байна.

Учир нь бидний үргэлж  яриад байгаа энэ  түгжрэл гэдэг зүйл чухам үүнээс л ихэнхи нь шалтгаалдаг.

Гэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд бол бусад орныхтой харьцуулахад түгжрэлийн асуудал нэлээд бага хувьтай.

Ачаалал даахаа байсан зам, уулзвар болон нэвтрэх гэрэл дохиотой автозамууд манайд нэлээд их байгаа нь ч түгжрэлд бас нөлөөлж байна.

Үүнтэй давхцаад зохих ёсоор өөрийн машины нэвтрэх эрхийг хүлээлгүй яарч гарахыг оролддог жолооч нарын буруугаас болж, зам дээр мөнөөх түгжээ, гацаа үүсдэг таагүй байдал их байна. Урд талынхаа тээврийн хэрэгсэл, машины өмнө  нь гарах гэж хажуугаас шахах ч юмуу ер нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан “хажуу хоорондын зай барих” асуудлыг  зөрчих нь жолооч нарын дунд хамгийн түгээмэл зүйл.  

Иймд жолооч нар энэ тал дээр маш их анхаарах хэрэгтэй. “Таны яарсан хэдхэн минут хором таныг зам, тээврийн осол руу түлхдэг” гэдгийг заавал санах хэрэгтэй юм. Сүүлийн үед гарсан “онооны систем” гэж яригдаад буй 10 оноо гэдэг бол ерөөсөө л замын хөдөлгөөний сахилга хариуцлага, наад захын соёлыг дээшлүүлэх, жолооч нарын хөдөлгөөний үеийн дүрэм журам баримтлах талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын нэг юм.

-Мансууруулах бодис хэрэглэсэн жолооч нарыг илрүүлэх тал дээр яаж ажиллаж байна вэ?

-Мансууруулах бодисыг хэрэглэсэн тохиолдлыг илрүүлэх багаж, техник цагдаагийн байгууллагад байгаа.  Сэжигтэй зүйл илэрсэн жолооч нарыг шалгаж байна, мөн осол аваар гарсны дараа ч сэжиг бүхий тохиолдол хэрэв илрэх юм бол нарийвчлан шалгаад зогсохгүй зохих эмнэлгийн байгууллага руу хандаж, холбогдох  шинжилгээг тухайн хүнд хийлгэх, мансуурлын зэргийг  тогтоолгох арга хэмжээ,  авч байдаг.  

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсон. Чухам ямар өөрчлөлтүүд орсон бэ.  Хэзээнээс  мөрдөгдөж эхэлснийг тодруулах гэсэн юм?

-Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шиэнчлэл 2015.09.01-нээс мөрдөгдөөд эхэлсэн байгаа. Гэхдээ зарим нэгэн заалтад жишээ нь, “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодох юм бол баривчлах шийтгэлийг чухам ямар байдалд оногдуулах вэ” гэх зэргээр тодруулах зүйл байснаас шалтгаалан, хууль хэрэгжүүлэх  ажил цалгардсан зүйл байсан.  Гэхдээ шийтгэлгүй өнгөрөх, завших ийм тохиолдлыг гаргасан үед хэрхэн  зохицуулах тухай асуудлыг  дагалдах журам гаргаж шийдэхээр санал боловсруулан оруулсан. Энэ нь саяхан УИХ-аар батлагдлаа. Ингээд “Төрийн  мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор  хэвлэгдэж гарснаас хойш тодорхой хугацааны дараа мөрдөгдөөд эхэлнэ.

Тэгэхээр энэ бүрхэг байсан зүйл, заалт буюу “27.3” гэдэг хуулийн заалт чухам юун тухай вэ гэвэл, “...эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тухайн жолоочийг 7-30 хоног баривчлах” тухай асуудал юм. Гэхдээ үүнийг баривчлагдах, торгуулах, хариуцлага хүлээх, шийтгэл хүлээх гэдэг утгаар биш, ер нь ийм нөхцөл байдалд аль болох орохгүй байх боломж тухайн жолооч нарт өөрт нь байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Архи уусан үедээ жолоо барихгүй байх ёстой гэхчлэн дүрэм, журам зөрчихгүй байвал зам тээврийн осолд орох магадлал мэдээж бага байна. Санамсар, болгоомжгүйгээр “асуудалд орчихлоо” гэж бодоход цагдаа танд үйлчилж, та хуулийн хамгаалалтад байгаагаа санах хэрэгтэй.

-Өглөөгүүр замын цагдаагийн шалгалт нэлээд хийгддэг тухай иргэд ярьдаг.   Энэ бол урьдчилан сэргийлэх журмаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж ойлгогддог?      

-Урьд шөнө нь архи уусан үедээ болон  сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэснийхээ дараа өглөөгүүр ч бай ер нь аль ч үед  жолоо бариад явна гэдэг бол ойлгомжтой буруу зүйл шүү дээ. Биологийн цагаараа хүн наад зах нь 7-гоос дээш цаг унтаж амарсан байх ёстой атал  шөнө нь гуравхан цаг унтаад, өглөө эртлэн нийтийн үйлчилгээний тээвэр, машин жолоодоод яваад байж болох уу?  Тэгж нойрмоглон,  зүүрмэглэж яваад замын хайс хашлага мөргөдөг, хүнийг дайрч,   бэртээдэг явдал олонтаа тохиолддог. Тав ч бай, арван грамм ч бай архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй хүний самбаачлах хурд, хугацаа заавал удааширсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн мэдээллийг тархиндаа хүлээж авах, сэтгэн бодох чадвар нь удааширч, хариу үйлдэл үзүүлэх боломж нь багасана  гэсэн үг. Ингээд л  зам, тээврийн осол гарах нөхцөл  бүрдчихдэг.  Эрүүл, тайван унтаж амарсан хүн ийм нөхцөлд орохгүй нь лавтай.  Тиймд манай цагдаагийн байгууллагын зүгээс өглөөний шалгалт, эргүүлийг зайлшгүй хийх болсон. Орой ч ялгаагүй шалгаж байна. Үр дүн ч тодорхой хэмжээгээр гарсан байгаа.  Улаанбаатар хотод  2016 онд элдэв зөрчлөөс шалтгаалсан автын осол аваар өмнөх оныхоосоо  9,8 хувиар буурсан. Мөн нас барсан, гэмтсэн хүний тоо 13,3 хувиар буурсан үзүүлэлт байна.  Бас авто замуудын  тэмдэг, тэмдэглэгээ ч зохих ёсоор сайжирч байгааг дурдах хэрэгтэй.  

-Хүүхдүүд  замын  осол,  гэмтэлд өртөх нь нэлээд байна?

-Өнгөрсөн хугацаанд 2015 оныг 2016 онтой харьцуулахад Улаанбаатар хотод зам тээврийн хүүхэдтэй холбоотой осол 50 хувиар буурсан.

Жишээ нь, 12 хүүхэд замын ослоос болж эндсэн тохиолдол 2015 онд гарч байжээ. Тэгвэл  2016 онд Улаанбаатар хотод замын ослоор 5 хүүхэд нас барсан харамсалтай тоо байдаг.  Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх тал дээр манай байгууллагаас хийж байгаа, цаашид анхаарч хийх ажлуудын тодорхой үр дүн, санаачлага дээр үндэслэн хүүхдийн амь настай холбоотой осол аваарыг бууруулах бүр байхгүй болгох ч боломжтой гэж бид үзэж байгаа. Харин жолооч нар, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож буй хэн ч бай үүнийг анхаарч, сэрэмжилж байх хэрэгтэй юм.

-Зөвхөн замын цагдаа,  жолооч нар гэлтгүй зорчигч хүүхдүүд, тэдний эцэг эхэд ч  энэ талын сургалт,  мэдээллийг  тогтмол өгч байх  хэрэгтэй юм шиг санагддаг?

-Хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм, журмын талаарх мэдлэг, мэдээллийг зайлшгүй өгөх хэрэгтэй. Тийм учраас цагдаагийн байгууллагаас сурагчид, хүүхэд багачуудын бага, дунд боловсролын хичээлийн хөтөлбөрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сургалт, хичээлийг “заавал оруулаад өгнө үү? сургууль орчмын аюулгүй байдлыг стандартаар нь хангаад өгөөч ээ?  6-10 насны хүүхдүүд асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцохыг нь хориглоно гээд хуулинд заасан байгаа юм чинь хүүхдийн зориулалтын автобусыг явуулаад өгнө үү” хэмээн хүсээд байгаа юм шүү дээ. ..


Гэрэл зургийг:
М.Жавзмаа
Ярилцсан сэтгүүлч:
М.Жавзмаа