Анхны “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв“ энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Report.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд  өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт явцтай танилцсан юм. Тэр дундаа нэгдсэн дэд бүтэц бүхий “Сервис центр” барих ажлын төлөвлөлт, байршилтай танилцаж, иргэдтэй уулзалт хийж, саналыг сонслоо.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл бол сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах аж.

Анхны “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв“ энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно Arslan.mn
Тус уулзалтад УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, ЧД-ийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн  газрын дарга П.Батхүлэг болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Report.mn
Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Тиймээс нийслэлээс эхний ээлжинд 40 мянган иргэнийг цахилгаан халаагуураар, үлдсэн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах  ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр ажлын хамгийн сайн шийдэл нь “Дэд бүтцийн төв. Гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн нэг системд оруулан “Сервис центр” барих ажил эхлүүлсэн нь хувьсгалын шинж чанартай том ажил гэж үзэж байна. 200-400 өрх сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг нийслэлээс олгож байгаа. Эхний ээлжинд 4 байршилд “Сервис центр” байгуулах бөгөөд цаашид 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгийн амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ. Ингэхдээ иргэд, айл өрх нэг стандартын байшинтай болох хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийн санал санаачилга, идэвх зүтгэл энэ ажилд ихээхэн тус болох юм” хэмээлээ.

Анхны “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв“ энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно Arslan.mn

Анхны “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв“ энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно Arslan.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү уулзалтын үеэр “Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянхошуу, Сэлбэд Дэд бүтцийн төвийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. 2017 онд “Сэлбэ дэд төв”-д нийт 8,7 их наяд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр 318 га газарт 7220 өрхийн 28533 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдана. Улаанбаатар хотын бага дунд орлоготой иргэдийг орон сууцанд хамруулах бодлогыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулж, НИТХ-аар батлуулсан. Хотын төвийн төвлөрлийг бууруулах орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг төлөвлөсөн. Улаанбаатар хот дахь ханын материалын орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Биокомбинат, Сонгинохайрхан болон Улиастай ам зэрэг нийт долоон байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10556 айлын орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна. 
Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг, 0.04 га газраас багагүй газартай иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнаас нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг өөрийн газраараа солин зээлд хамрагдах боломжийг бас бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа болох 30 хувийн санхүүжилтийг нийслэлийн орон сууцны сангаас 63 иргэнд олгож, Нийслэлийн газрын сан 3.8 га-аар нэмэгдүүлсэн байна. 
Энэ жил нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, 16.1 км авто замыг шинээр барих, 2.2 км автозамыг өргөтгөн шинэчлэж,  зүүн 4 замын гүүрэн замын ажил, Замын цагдаагийн  уулзварын гүүрэн гарцын ажлыг эхлүүлсэн. Мөн Яармагийн олон түвшний гүүрэн гарцын ажил ирэх 10 сарын дундуур ашиглалтанд орохоор байна. Налайх, Чойрын 20.9 км замын бэлтгэл ажил хангагдаад явж байна.”хэмээлээ.

Report.mn
“Сервис центр” буюу дэд бүтцийн төв нь VII хорооны Хувьсгалчдын 13-15 дугаар хэсгийн 201 өрхийг хамрах аж. Одоогоор зураг төслийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд энэ сард багтаан бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчийг энэ сарын сүүлээр сонгон шалгаруулах бөгөөд “Дэд бүтцийн төв”-ийг энэ оны 11 дүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах аж.

Report.mn

Энэ талаар Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэлсэн үгэндээ "Нэг дэд бүтцийн төв байгуулахад байршлаасаа шалтгаалан 5-7 тэрбум төгрөг шаардлагатай. Чингэлтэй дүүргийн VII хороонд байгуулах төвд таван тэрбум төгрөг зарцуулах төсөл боловсруулсан. Энэ төв гэр хорооллын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон холбооны хэрэгслээр бүрэн хангах юм. Мөн ногоон байгууламж болон хиймэл нуур байгуулж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцлийг бүрдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2018 онд 11 байршилд “Дэд бүтцийн төв” байгуулах судалгаа хийснээс эхний ээлжинд хоёр байршилд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр сонгосон. Хоёр дахь төвийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байгуулахаар төлөвлөж байгаа. Харин 2020 он гэхэд 50 байршилд уг төвийг байгуулна. Ингэснээр нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад томоохон түлхэц үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр “Дэд бүцтийн төв” холбогдсон хашааны газрын ханш 3-4 дахин өснө гэсэн тоооцоолол бий” хэмээлээ.

Анхны “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв“ энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно Arslan.mn
Өнөөдрийн уулзалтын үеэр чингэлтэй дүүргийн  иргэдийн  сэтгэгдлийг нь сонслоо.

Report.mn
ЧД-ийн 7-р хорооны иргэн н.Баатар “Би энэ хороонд 25 жил амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэсгийг хөгжүүлэх чиглэлээр нийслэл, дүүргээс ажил хийж байгаагүй. Харин өнөөдөр үнэхээр том өөрчлөлт, шинэчлэлийн ажлын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд бид нягт хамтран ажиллах болно. Нөгөөтэйгүүр төрийн өндөрлөгүүд аливаа ажил, төсөл хөтөлбөр эхлүүлээд бүрэн хэрэгжүүлэлгүй орхих тохиолдол бий. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд нэг сэтгэлтэйгээр хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.

Report.mn
ЧД-ийн 7-р хорооны иргэн Б.Гомборагчаа “Манайх анх энд бууж байхад бараг хүн суурьшаагүй байсан. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо л өссөнөөс иргэдийн амжиргаа, орчин нөхцлийг сайжруулах ажил өрнөөгүй. Тиймээс энэхүү төслийг бид дэмжиж ажиллах болно. Мөн бусад гэр хорооллын иргэдийг ч энэхүү төслийг дэмжиж, дэлхий нийтийн жишигт нийцсэн тав тухтай, тохилог орчин нөхцлийг бүрдүүлэхийг хүсэж байна.” гэлээ.

Report.mn
ЧД-ийн 6-р хорооны иргэн  н.Отгоо  “Гэр хорооллын хэсэгт нэлээдгүй ажлуудыг хийхээр болж байгаа талархалтай байна. Хуучирсан орон сууцны байранд амьдардаг иргэний хувьд энэ гэр хорооллын дэд бүтцийн төвийг ажлыг дэмжиж байна.  Нэг байшингийг чинь  ийм гоё болгож байвал иргэд бид дэмжинэ.  Газар төлөвлөлтийн асуудал, дахин төлөвлөлтийн асуудлыг олон удаа сонсож байсан ч өнөөдөр ажил хэрэг болоход бэлэн болжээ. Энэ талаар мэдээлэл авч байгаад баяртай байна. Мөн нийслэлийн удирдлагуудын зүгээс   ахмадын байрын асуудлыг шийдэх өгөхийг хүсье”гэв.

Иргэн Х.Долгормаа “Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжиж байгаа. Бидний энэхүү дэмжлэг улс эх орондоо агаар, хөрсний бохирдлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг гэж ойлгож байна. Дэд бүтцийн ажлын талаар долоо хоног, сар тутамд хороон дээр уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Миний бие тус уулзалтыг таслахгүй байнга суудаг. Тэндээс авсан мэдээллээ бусаддаа хүргэдэг. Энэ нь нийслэлийн иргэн хүний хувьд бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр юм болов уу гэж бодож явдаг” гэв.

Report.mn

Report.mnReport.mnReport.mnReport.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
10831