Хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд УУЧЛАЛ гуйж суръя

Report.mn

Хувиа хичээсэн зан хэрээс хэтрэхээрээ "хүнээ" байж байгаагийн хамгийн том илрэл юм гэнэ лээ. Яг энэ байдал өнөөдөр монголчуудыг бүрхээд байна. Өдөр хоног өнгөрөх тусам монголчуудын хүн чанар муудаж, зөвхөн өөрийгөө, өөрсдийгөө бодсон муу муухай үзэл бодолдоо идэгдэж, бусдыг буруутгасан, бусдаас өө хайсан, өөрөө хариуцлага хүлээж чадахгүй тийм л муухай тогтолцоо руу шилжээд байна.

Гадны улс оронд ямар асуудал гарвал тухайн байгууллага, эрх мэдэлтэн албан тушаалтан өөрсдийнх нь зөв ч бай, буруу ч бай уучлал гуйгаад хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Нэн түрүүнд уучлал гуйхаасаа өмнө өөрсдийнхөө амийг хаацайлах, өрөөл рүү буруугаа чихэх нүх сувгийг хайж эхэлнэ. Ийм л муухай хүн чанаргүй, увайгүй байдалд үе хойчоо сургаж явна. 

Юу юуны духанд хүрэлгүй хариуцлага хүлээ гээд байгаа юм биш. Ядаж асуудал гарвал хамгийн түрүүнд уучлал гуйчихаад дараа нь асуудлаа ярьдаг тийм л тогтолцоо руу шилжмээр байгаа юм. 

Энэ бүхэн сүүлийн үед манай улсад гараад буй асуудлуудаас маш тодорхой харагдаж байна. 

Жишээ нь, УИХ-ын гишүүд хүүхэн хүчирхийлсэн, бусдад бэлгийн дарамт учруулж биед нь гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Ард түмний итгэлийг хүлээж, ард түмний сонголтоор төрд сонгогдчихоод ийм төрлийн хэрэгт холбогдсондоо ард түмнээсээ уучлал гуйсангүй. Хоёул, хоёулаа өөрсдийгөө өмгөөлсөн мэдээлэл мэдэгдэл хийж, улстөрийн золиос болсоноо гайхна. Тэдэнд ёсзүй гэж алга. УИХ-ын гишүүн байх эрхгүй, гишүүнээ татгалз гэж ард түмэн түмэнтээ эсэргүүцээд байхад сандал ширээтэйгээ зууралдсаар эцэстээ хууль хяналтын байгууллагаар хэргээ шалгуулахын цагт, Ерөнхийлөгчөөр хориг тавиулан байж гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгч байх жишээтэй. 

Гэтэл Арменийн Ерөнхий сайд Серж Саргсян өөрийг нь эсэргүүцэж жагссаны төлөө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. 

Асуудал гарахад нь хамгийн түрүүнд уучлал гуйчихаад дараагийн асуудлаа ярьдаг болмоор байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л 79 дүгээр сургуулийн хашаанд тоглож байсан 11 настай хүү хөлбөмбөгийн талбайд төмрөнд цохиулж амиа алдав. Гэтэл тус сургуулийн захирал "Уучлаарай сургуулийнхаа ойр орчны аюулгүй байдлыг хангаагүй нь бидний буруу" гээд уучлал гуйчих сэтгэл байсангүй. Нэн түрүүнд өөрсдийгөө өмгөөлсөн мэдээлэл хийж, мэдээллийнхээ төгсгөлд хүүхдийг бараг хараа хяналтгүй байсан учраас амиа алдсан гэх утгатай зүйл ярьсан юм. Хүүгийн ар гэр ямар ч байж болно. Гол нь тэр сургуулийн захирал сургуулийнхаа эргэн тойрны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл өмнө нь ч унадаг байсан тэр төмрийг өнөөдрийг хүртэл янзлаагүй байсан нь өдгөө 11 настай хүүхдийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. 

Гэтэл осол болсон өдөртэй зэрэг шахуу Японы Оосака хотод магнитуд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж сургуульдаа очиж явсан 9 настай бяцхан охин сургуулийнхаа бассейны хашаанд даруулж энджээ. Асуудлыг нарийвчлан шалгасны эцэст сургуулийн байгууламжийн хашаа хаалтын өндөр 2.2 метрээс дээшгүй байх ёстой гэсэн стандартаас давсан байсан нь илэрч хотын дарга, тус хотын боловсролын газрын удирдлагууд очиж эмгэнэл илэрхийлж уучлалт гуйж хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө, хүчтэй газар хөдлөлтөөс үүдэж нурсан хаалтын өмнөөс хариуцлага хүлээж байгаа нь энэ. Гэтэл манайд хариуцлага хүлээх нь битгий хэл уучлал гуйх ч хүн алга. 

Цахилгаан дэд станцын хаалга хаагаагүй улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг том хүн амиа алдсан, Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн "Сансрын хөлөг"-т хүүхдүүд тоглож байхад нурж, 4-5 хүүхэд гэмтсэн гээд хариуцлагагүйн улмаас гарсан осол нэмэгдсээр байхад өнөөдөр үүнд нэг ч хүн хариуцлага хүлээх нь битгий хэл, уучлал ч гуйгаагүй байна. 

Ийм л нийгэмд бид амьдарч байна. Хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд, эхлээд уучлал гуйчихдаг тийм л тогтолцоо руу шилжмээр байна. 

Эх сурвалж: Zaluu.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
11538