Хүүхдийн зөв тод ярьж сурах, шүд эрүүл байх, зөв ургалттай байх зэрэг нь идэж ууж байгаа хоол хүнстэй салшгүй холбоотой. Хоол хүнсийг өгөхдөө хазах, зажилах, зулгаах, сорох, долоох, залгих зэрэг үйлдэлүүдийг сайн хийлгэснээр хүүхдийн ам, хэлний булчинг ажиллуулж, хөгжүүлж байдаг ашиг тустай.
Хүүхдийн шүд ургах тусам зажилж, зулгаах үйлдэл шаардсан булчингийн мах, ааруул гэх мэт хоол хүнс хэрэглүүлж, уусан тараг, нухашныхаа аягыг долоолгох зэрэг нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулах дасгал болж байдаг.
Хүүхдээ хооллоход анхаарах зүйлс:
- Сайн зажилж идүүлж сургах – эрүүл өсөн бойжихын нэг үндэс нь хоол хүнсээ хэрхэн идэж сурахаас эхлэлтэй байдаг. Хоолоо идэхдээ маш сайн зажилж байх нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахад тусгтайгаас гадна шүд зөв ургаж бэхжихэд сайн нөлөөтэй байдаг байна.
- Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх – хүүхдээ хооллохдоо тухайн хүнсний бие махбодын хэрэгцээг хангах витамин аминдэм, эрдэс бодис, уураг, нүүрс ус болон тослог зэргийг агуулж байгаа эсэх юм. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл саруул, дархлаа сайтай байх эх үндэс нь болж өгдөг.
- Хоолны давтамж – хүүхдээ хооллохдоо хоорондын хугацаа 4 цаг байвал зохистой байдаг. Завсар зайнд печень, чихэр, шоколад идүүлэх нь хоолны дуршил бууруулах учир аль болох эдгээрээс зайлсхийх хэрэгтэй.
- Шингэн зүйл сайн өгөх – ус нь хүүхдийн бие махбодь, өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэддээ өглөө босонгуут нь 1 аяга бүлээн ус ууж хэвшүүлэх хэрэгтэй. Ингэж ус уух дадал бий болгосноор шингэнээ алдахгүй байхаас урьдчилан сэргийлэх ба энэ нь хүүхдийн цусан хангамж, дархлаа сайн байхад чухал нөлөөтэй.