Жил бүрийн хоёрдугаар сард Испанийн Барселона хотноо уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын үүрэн холбооны үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд шинэ гар утас танилцуулаад зогсохгүй, дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгч компаниуд шинээр бүтээж байгаа "жолоочгүй" авто машиныхаа талаар танилцуулсан. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгийн олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан нэг зүйл нь дэлхийн хамгийн анхны цахилгаан хөдөлгүүртэй, уралдааны, жолоочгүй авто машины талаарх мэдээллийг хүргэе.
Авто машин үйлдвэрлэгчид, технологийн аваргууд гээд огт бүрэлдээгүй байгаа хиймэл оюун ухаан бүхий өөрийгөө жолоодох чадвартай машины зах зээлд хөрөнгө оруулж, хөгжүүлж байгаа олон компани байдаг. Түүнчлэн ихэнх нь ойрын таван жилд, машинаа хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэдний нэг нь цахилгаан хөдөлгүүртэй, авто машины уралдааныг санаачилсан "Формула Е"-г зохион байгуулагч "Роборейс" компани юм. Гэхдээ тэдний бусдаас ялгарах онцлог бол цахилгаан хөдөлгүүртэй, жолоочгүй, уралдааны авто машин бүтээх явдал юм.
Олон нийтэд танилцуулаад байгаа энэ авто машины нийт жин 975 кг, 4.8 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй, тус бүр 300 квтын 4 цахилгаан мотортой, цагт 320 км хүртэл хурдлах чадвартай. Түүнчлэн гэрэл илрүүлэгч бүхий хоёр радартай, хэт авианы мэдрэгчтэй, хоёр оптик хурд хэмжигчтэй, глобал навигацийн хиймэл дагуулын систем ашигласан гээд уг машинд хамгийн сүүлийн байж болох бүхий л технологийг ашиглаж өгчээ.