Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч болох вий дээ

Одоогоос бараг 4 жилийн тэртээ нэг сайн мэдээ дуулдаж байсан нь АНУ-ын Мянганы сорилтын сан Монголд хоёр дахь шатны төслөө хэрэгжүүлэх болсон тухай байв.

Тухайн үед АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол Улс 37 дугаар байрт эрэмбэлэгдсэн байв. Буцалтгүй тусламжийн нийт хэмжээ 350 сая ам доллар буюу үндсэндээ 850 гаруй тэрбум төгрөг. Энэ бол тарчигхан Монголд байтугай санхүүгийн дүүрэн боломжтой улс орнуудад ч гэсэн бага мөнгө биш.

Мянганы сорилтын сангийн хувьд урьд нь Монголд анхны төслөө хэрэгжүүлсэн билээ. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн гэх үндэслэлээр ийнхүү хоёр дахь шатны санхүүжилт олгохоор шийдвэрэлснээ мэдэгдэж байв.

Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ талаар танилцуулж, энэ төсөлд хамрагдаж болох нэн шаардлагатай төслийн санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг танхимынхаа гишүүдэд үүрэг болгож байв.

Ингэж Засгийн газар “түргэн авч” эхэлсэн энэ төсөл дөрвөн жилийн хугацаа өнгөрөхөд одоогоор  цаасан дээрээ хэвээр байна.  Хоёр дахь удаагийн энэ төслийг Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх болон ус дахин ашиглах төсөлд ашиглахаар үндсэндээ тохиролцсон.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны сүүлчээр Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа усны салбарын цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгээ онцолж байв.

2014 оноос хойшхи дөрвөн жилд талууд бэлтгэл ажлаа хангаж, өнгөрөгч долдугаар сард Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын үеэр талууд Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулна гэсэн хүлээлттэй байсан юм. Гэвч Ерөнхий сайд ч айлчилсангүй, Компакт гэрээнд гарын үсэг ч зурагдсангүй. Харин ч бүр эсрэгээрээ компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал хойшилсон тухай мэдээлэл ирлээ.

Энэ нь Монголын Засгийн газартай холбоотой аж.  Өөрөөр хэлбэл хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс бэлтгэлээ бүрэн хангаагүй байсан нь энэ төсөл тодорхойгүй хугацаагаар хойшлох шалтгаан болжээ.  Тухайлбал, төлөвлөгөө, цагийн хуваарь хийгээгүй, хийх ёстой тооцоо судалгаа дутуу дулимаг гэхчлэн. Иймээс АНУ-ын зүгээс Монголын Засгийн газарт дараах нөхцөл болзолуудыг тавьжээ. Үүнд:

 -Засгийн газар нь шинэ  Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад  орохоос өмнө одоо үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал ус дахь химийн бодисын хэмжээг 2013 оны төвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх зорилготой нарийвчилсан төлөвлөгөөг МСК-ийн шаардлагыг хангахуйц байдлаар боловсруулж баталсан байх.

-Засгийн газар шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төслийг боловсруулах үүрэг бүхий гэрээлэгчийн боловсруулсан нарийвчилсан зураг төсөл, үйл ажиллагааны загвар тооцооллыг МСК-д хүргүүлсэн байх.

-Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлсэн талаарх нотлох баримтыг Засгийн газраас МСК-д хүргүүлсэн байх.

-Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлын нарийвчилсан  төлөвлөгөө буюу цаг хугацааны хуваарийг Засгийн газраас МСК-д хүргүүлж, Компакт гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөөс дээшгүй жилийн дотор барилгын ажлыг дуусгавар болно гэдгийг нотолсон байх.

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихтай холбоотой зардлыг санхүүжүүлэх Санхүүжилтийн гэрээг Засгийн газар байгуулсан байх бөгөөд уг Санхүүжилтийн гэрээний хувийг бүрэн эхээр нь МСК-д хүргүүлсэн байх зэрэг болзлыг тавьжээ.

Үүнээс харвал таван  төрлийн шаардлагыг тавьсан байх бөгөөд эдгээр бичиг баримтыг бүрдүүлж, тэдгээр нь МСК-ийн шаардлагыг хангасан тохиолдолд  төсөл хэрэгжихээр болж байна.

Уг нь бидний ойлголтоор гэрээнд гарын үсэг зурахад ямар ч асуудалгүй, бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн ойлгож хүлээж байсан билээ. Гадаад харилцаан сайд Д.Цогтбаатар энэ хавар АНУ-д айлчлал хийснийхээ дараа хэвлэлийнхэнд “АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь Компакт гэрээг байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зургадугаар сарын сүүлээр талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах л үлдсэн” гэж мэдэгдэж байв. Төрийн сайдынхаа ийм үгэнд итгэхгүй гээд яах билээ.  Тэр л ойлголт, итгэл үнэмшилтэйгээ өнөөдрийг хүрсэн юм.

Гэтэл цаг нь болохоор мөнөөх “бүрэн хангагдсан” бэлтгэл ажил иймэрхүү түвшинд, түүхий шүүрхийгээрээ байгаа бололтой. Ерөөс ажил хэрэгт хандах бидний хандлага угаас нэг иймэрхүү байдаг бололтой.

МСК-ийн шаардлаг хангасан иймэрхүү бичиг баримт тооцоо судалгааг нь бэлдэж өгөх гэж бас л хэсэг хугацаа өнгөрөх байх. Заан тугална гэдэг шиг. Энэ хэрээр бүтээн байгуулалт, ялангуяа Төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатарын усан хангамжийн асуудал удааширна. Бусдад өгч чадахгүй ч ядахдаа авахдаа аятайхан авчихдаг болмоор байна.  Буцалтгүй тусламжийн энэ хөрөнгийг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгч битгий болгочихоосой доо.

Авах биднийг бөхийгөөгүй байхад өгөх тэд түрүүлж бөхийхгүй нь бүр ч тодорхой.

 

Эх сурвалж: Zaluu.com

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
11832