Нийт хүмүүсийн 80% нь ямар нэг байдлаар нурууны өвчинг мэдэрсэн байдаг. Яагаад ийм түгээмэл байдаг шалтгаан нь таны өдөр болгон хийдэг зүйлээс болдог ч байж мэдэх юм. Эдгээр зөвлөгөөг мэдэж байхад та нурууны өвдөлтөөсөө салахаас гадна нуруу өвддөг шалтгаанаа олж мэдэх, цаашлаад урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ингээд хамтдаа нурууны өвдөлтийг намдаах шалгарсан аргуудтай танилцъя.
Сунгалтын дасгал хийх
Тогтмол сунгалтын дасгал хийх нь хамгийн түгээмэл арга юм. Мөн дасгал хийх үед таны тархинд аз жаргал нэмэгдүүлэх гормон ялгардаг байна. Тогтмол хийснээр бие чангарч, бие хөших гэдэг зүйлээс бүр мөсөн салах аж.
Хөлөө дулаан байлга!
Нурууны өвдөлт нь 2 үндсэн хэсгээс үүсдэг байна.
Булчингийн суналт, ачааллаас үүсэх нурууны өвдөлт
Гэдэсний түгжрэлээс үүдэлтэй нурууны өвдөлт
Аль ч шалтгаанаар үүссэн өвдөлт бай хөл хүйтэн үед өвдөлт илүү ихээр мэдрэгддэг аж. Хөл даарснаар нуруу төдийгүй өөр олон өвчний үндэс болдог тул та юун түрүүнд хөлөө дулаан байлгаарай!
Халуун, хүйтэн жин тавь
Нуруугаа гэмтээсэн тохиолдолд энэ арга хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв та нуруундаа гэмтэл аваад удаагүй буюу гэмтэл авснаас хойш 48 цаг өнгөрөөгүй бол нуруундаа хүйтэн жин тавиарай! Нуруугаа гэмтээгээд 48 цаг өнгөрсөн бол бүлээн жин тавих хэрэгтэй. Мөн нуруун дээр тавьж буй жингээ хэт удаан байлгаж болохгүйг анхаарна уу! Арьсаа амраах зорилготой жингээ байн байн авч дахин жин тавихыг зөвлөе.
Унтах зуршлаа өөрчлөөд үзээрэй!
Орны матраас нь хэт зөөлөн эсвэл хэт хатуу байх нь нурууны өвчин үүсгэдэг байна. Таны ямар байрлалаар унтдаг ч мөн хамаатай аж. Хэрэв өглөө нуруу тань өвдөж сэрээд байвал унтдаг байрлал болон орны матраасаа солиод нэг үзээрэй!
Бариу хувцсыг зөв тайлах
Бид бариу хувцсаа тайлахдаа хамаг булчингаа чангалж хүчилдэг. Энэ нь нуруунд элдэв гажиг үүсгэх эрсдэлийг бий болгодог байна. Та бариу хувцсаа тайлахдаа аль болох тайван, алгуур хөдөлж, нуруугаараа тахийхгүй байхыг эрмэлзээрэй!
Тамхинаас татгалз!
Тамхи татах нь уушгинд сөрөг нөлөө үзүүлж, янз бүрийн хорт хавдар үүсгэх шалтгаан болдог төдийгүй судас нарийсгадаг. Үүнээс үүдэлтэй биеэр тархаж буй цусан хангамж багасч, энэ нь нуруунд ч мөн нөлөөлдөг аж. Та нурууны өвчнөөр шаналж байгаа бол тамхи татахаа багасгах хэрэгтэй.