Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм. Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил тутам “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 12 дахь жилдээ уг чуулган боллоо.
Чуулганд оролцогчдын төлөөлөл жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайны уулзалт хийж, чуулганаас гарсан байр суурийг танилцуулан, санал бодлоо солилцдог уламжлал тогтсон юм.
Энэ удаагийн санал солилцох уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид, “Глоб интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, ЛЭОС-г төлөөлж Ц.Бүжидмаа, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн дарга Дондов, Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал, Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Чулуундолгор нарын зэрэг олон зочид оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр дэлгэрэнгүй үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дэвшлийн талаар бид ярьж байгаа нь их сайхан байна. Энд гурав, дөрвөн чиглэлээр санаа бодлоо солилцъё гэж бодлоо. Жишээлбэл, иргэний улс төрийн эрхийн асуудал яагаад үүсэн бэ гэхээр манай нийгэм, улс төрийн системд хоёр гажуудал үүсээд байгаа юм. Нэг дэх нь, улс төртэй холбоотой асуудал улс төрийн намаар явна. Иргэн хамаагүй гэсэн нэг ийм болчихлоо. Улс төрийн нам нь тасарчихсан. Улс төрийн нам руу нь яваад орохоор тодорхой эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн хүмүүсийн сонирхлын бөөгнөрөл болоод хувирчихсан. Эрх баригч юм уу, хоёр гол намаа тойруулаад харахаар ямар ч хариуцлага хүлээдэггүй. Эргээд нийгэмд маш их асудал болдог. Иргэдийн эрхийн тухай ярихаар энэ бол ТББ-ын хэдэн идэвхтэй хүмүүсийн л асуудал. Та нар л тэндээ юмаа ярьж бай гэдэг. Ийм гажуудал бий болчихож. Энд нэг холбоос дутаад байна. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль бол тэр холбоосыг нөхөхөд хамгийн чухал хууль. Үүнийг эрх баригчид, УИХ-ын гишүүд ойлгомоор байгаа юм.
Хэрэв энэ холбоос нөхөгдөхгүй бол хүчирхийллийн замаар ч юм уу, УИХ-ыг огцруулъя, үүнийг алга болгоё гэсэн зам руу нийгэм халтирч орох магадлал байгаа юм. Ийм асуудал нээлттэй нийгэмд байдаг юм байна. Үүнийг шийдэх арга нь Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль гаргаад, оролцоог нэмээд явбал зөвөөр, аажимдаа, дэвшилттэйгээр явдаг юм байна гэсэн нэг ийм зүйл харагдаж байна.
Хоёр дахь гажуудал бол иргэд, ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой. Ялангуяа байгаль орчны чиглэлээр явж байгаа хүмүүсийг та нар мэднэ дээ. Дэндүү гажуудсан, дэндүү экстрим шинжтэйгээр асуудлаа тавьдаг. Тэр нь төрийг, төрийн байгууллагыг, асуудал шийдэх хүмүүсийг холдуулдаг. Огцор гэдэг. Цонх руу нь сум харваж байдаг. Тэр нь эргээд хуулийн асуудал болдог. Тавьж байгаа асуудал нь зөв байж магадгүй. Хэрэглэж байгаа арга нь иргэнлэг биш.
Иргэний нийгэм гэдэг бол иргэд асуудлаа тавихдаа маш иргэнлэг байдлаар бид явах ёстой. Иргэний нийгмийн зүгээс хүчирхийллийн шинжтэй, экстрим шинжтэй үйл ажиллагаа гарах юм бол тэр нь эргээд муу төрд юм уу, түүнийг үгүйсгэх албан тушаалтнуудад олз болж хувирна. Хүмүүс дургүй болж попууд гэж нэрлэж байна. Тодорхой сэдвээр асудал аваад гүйж байгаа. Түүгээр улс төрийн явцуу эрх ашгаа хангадаг ч юм уу, аль эсвэл хамгийн буруу юм бол тодорхой уул уурхайн компани дээр асуудал тавиад, тэндээс мөнгө, санхүүгийн ашиг олоод, дуу хоолой нь алга болдог. Энэ нь Иргэний нийгмийн нэр хүндийг унагаад байгаа. Тавьж байгаа асуудал нь шийдэгдэхгүй байх нөхцөл рүү явж байна.
Сая энэ чиглэлээр МОНФЕМНЕТ-ийн Номингэрэлийн ярьж байгаа зүйл, гарч байгаа асуудал их зөв харагдаж байна. Илүү мэргэших хэрэгтэй. Энэ хоёр гажуудлыг засахад Иргэний улс төрийн эрхийн хууль их чухал юм.
ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой нэг зүйл бол монгол хүнд байдаг нэг дутагдал байгаа юм. Байнгын биш, дагаж хийдэг ажил байдаггүй. Нэг өдөр хуралдахаараа нэг их ажил төлөвлөөд юм хийнэ гэдэг. Тэгсэн мөртлөө нэг и-мейл явуулчихдаггүй гэж гаднынхан хэлдэг. Харилцаа байхгүй, тасалчихдаг. Мартдаг. Сарын дараа гэнэт санадаг.
Бид үйл ажиллагаандаа байнгын байх нэг зарчим бий болгомоор байгаа юм. Асуудал тодорхой бол байнга түүнийгээ дагаж явдаг. Хүчирхийллийн эсрэг хуультай болох гэж 22 жил болсон гэж сая ярилаа.
Хоёр дахь зарчим бол олсон ололтоо бататгаад цаашаа алхаад байх хэрэгтэй. Манайх өмнө нь юу ч байгаагүй юм шиг, дахиад тэгээс эхэлж байгаа юм шиг явдаг.
Гурав дахь миний харж байгаа зүйл бол тодорхой асуудал үүслээ. Сая Дүнжингарав гээд асуудал үүслээ. Энэ чухал. Нийгмийн асуудалд хандаж байна. Иргэний нийгмийн тавьсан асуудал 100 хувь зөв, 100 хувь шударга асудал биш байж магадгүй. Зохион байгуулж байгаа хүмүүст ч тодорхой тайлбар байж магадгүй. Ийм зөрчил үүсч байж, тодорхой асуудал үүсч байж юм урагшаа явдаг. Шүүхийн шийдвэрийг сонирхоод үзэхэд л тодорхой байгууллага асуудал тавьсан. Шүүгч авч үзээд захирамж гаргасан. Энэ бол тэр асуудлыг шийднэ. Үүнийг шүүх авч үзэх гэж байна. Асуудлыг шийдтэл тэр уралдааныг явуулах хэрэггүй гэсэн захирамж л байгаа шүү дээ. Гэтэл үүнийг бид мэдээгүй байсан гэж нөгөө улсууд бухаж байж мэднэ. Ийм зүйл жил бүр гардаг. Үүнийг 2-3 сарын өмнө юм уу, мэргэжлийн хувьд асар үндэслэлтэйгээр, асуудлаа өмнөөс тавиад явж болж байгаа юм. Үүнд хариуцлага тооцох боломж бий.
Нэг юм олйгох хэрэгтэй. Засгийн газар юм уу, албан тушаалтантай холбож, тэднээс хамааруулж асуудал шийдэх гэдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хууль маш том дэвшил болсон. Шүүгчийн захирамжийг тухайн байгууллага хэрэгжүүлсэнгүй гээд иргэн хариуцлага тооцуулахаар шүүхдээ эргээд хандахад шүүх авч хэлэлцэх боломжтой болсон. Шүүх авч хэлэлцээд тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах боломжтой байгаа. Тэр рүү бид, Иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагууд явмаар байгаа юм. Шүүх дээр очоод асуудлаа хуулийн үүднээс хамгаалдаг, үндэслэлээ гаргаж чаддаг, тийм мэргэшсэн хуульчид, мэргэшсэн хүмүүс болж хувирах нь чухал” гэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэнэ.