Report.mn

Туул голын асуудал дээр нам харгалзалгүйгээр, ялгаварлалгүйгээр хуулиа мөрдөхийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлж байв. Улмаар Туул голын эргээс  ердөө 10 метр хүрэхгүй газарт барилгын ажил явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай хатуу хариуцлага тооцоо ч мэдэгдсэн юм.

Хуулиараа  голын эргээс 50 метрээс дотогш зайд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэвч дархан эрхтэй нэг компанийг төр дийлэхээ болиод удаж байна. Туул голын бургасыг хядаж барилга байгууламж барьж буй “Зүүнбаян рефайнери” компани. Эл компанийн нууц ноёнтон нь НИТХ-ын дарга С.Амарсайхан. Энэ талаар гишүүн Б.Пүрэвдорж парламентын танхимд хэдэнтээ хэлж, С.Амарсайхан байдгийг шалгаж үзсэн тухайгаа ч олны өмнө зарлаж байв. Өргөдлийн байнгын хорооны дарга ч нам нэгт С.Амарсайхан нь ард нь байгааг хүлээн зөвшөөрсөн.

Өнгөрсөн өдрүүдэд БОАЖ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хаягласан хурц шүүмжлэл, буруутгалууд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Түүнийг үндсэндээ Туул голын эрэгт газар олгож, байгаль орчинд ноцтой аюул учрахуйц шийдвэр гаргасан хэмээн буруутгаж байгаа.

Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн 4 га газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар хэмээн баталгаажуулсан байдаг. Гэрчилгээн дээр “Зүүнбаян рефайнери” ХХК-ийг Хан-Уул дүүрэг, Пийс бриж зочид буудалд албан хаягтай хэмээн тодорхойлсон байв. Хавсралтаас харахад, тус компани 2006, 2007 онд ААНБ-ын тооллогод хамрагдсан.

Гэхдээ Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Харин 2008 оны наймдугаар сарын 8-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Зүүнбаян рефайнери” компанид 743 дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ГЭРЧИЛГЭЭ-г таван жилийн хугацаатай олгожээ. Гэрчилгээг газрын дарга А.Намхай баталгаажуулсан.  Тэгэхдээ уг газрын ашиглах зориулалт нь анх авсан үеийнхээсээ өөрчлөгдөөгүй буюу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн нь хэвээрээ байлаа.

Гэтэл үүнээс хоёр жилийн дараа Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас тус компанид анхааруулга хүргүүлжээ. Тодруулбал, 2010 оны долдугаар сарын 8-нд Хамгаалалтын захиргааны 208 тоот албан бичгээр “Зүүнбаян Рефайнери” компанийг төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөл, мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсныхаа дараа ажлээ эхлүүлэхийг анхааруулсан байна.

Гэвч 2010 оноос хойш уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байсаар Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон аж. Ингээд 2014 оны тавдугаар сарын 2-нд тус компаниас газар ашиглах хугацааг дахин таван жилээр сунгахаар албан хүсэлт гаргаж Богдхан уулын Хамгаалалтын захиргаанд ирүүлж, Гүйцэтгэх захирал У.Ундармаа гарын үсгээ зуржээ.

Улмаар Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газраас Гэрчилгээний хугацааг таван жилээр сунгасан ба энэ удаад анх 2008 онд авч байсан солбилцлуудад ихээхэн өөрчлөлт гарсан байлаа. Харин Хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагаанд мөрдөх стандартуудыг дагахыг сануулж, “Урт нэртэй хууль”-ийн дагуу хамгаалалтын бүсээс 200 м-ээс дотогш нэвтрэхгүй байхыг онцгойлон анхааруулсан.

Гэвч “Зүүнбаян рефайнери” компани эдгээр стандарт, шаардлагыг илэрхий зөрчсөн. Энэ нь өдгөө олны нүдэнд ил болсон бөгөөд хэн ч очиж харсан ойлгомжтой гэдэгтэй зөрөх хүн гарахгүй биз ээ.

Тиймээс 2017 оны тавдугаар сарын 30-нд Хамгаалалтын захиргаанаас 449 тоот албан шаардлагыг “Зүүнбаян рефайнери” ХХК-д хүргүүлжээ. Албан тоотод тус компанийг газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэмээс зөрж бургас хядсан, гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн тул газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл үүссэнийг анхааруулж, холбогдох бичиг баримтыг БОАЖЯ, ТХНУГ, Хамгаалалтын захиргаанд авчрахыг үүрэг болгосон байв.

Харин “Зүүнбаян рефайнери” компаниас хариу ирүүлээгүй тул зургаадугаар сарын 19-ний хурлаар газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гарсан байна. Гэтэл зургаадугаар сар 22-нд “Зүүнбаян рефайнери” компаниас “БОАЖЯ-д шаардлага хүргүүлэв.  Шаардлагадаа БОАЖЯ-ы хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар өөрсдийнх нь ашиглаж буй газрын хөрс ус ихтэй учраас бургас хядсан, үүний төлбөр болгож 2017-2017 онд нийт 15.9 сая төгрөг төлсөн, барилга барих газрынх нь 60 хувь ногоон байгууламжаас бүрдсэн тул асар их мөнгө зарцуулж байгаа, газрын төлбөрийг төлж барагдуулсан зэргээ дурдсан. Ингээд ашиглах эрхийг даруй сэргээхийг шаардаж, захирал С.Уламбаяр гарын үсгээ зуржээ.

Гэвч тус компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан тул шаардлагыг хүлээж аваагүй ба 2017 оны долдугаар сарын 27-нд Хамгаалалтын захиргаанаас тус компанийн газар ашиглах эрх нэгэнт дуусгавар болсон тул Гэрчилгээгээ хураалгаж, онгилсон газрыг нөхөн сэргээж, хүлээлгэн өгөхийг даалгасан байна.

Харин үүнээс сар гаруйн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Уг тушаалд дурдсанаар, “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан 4 га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхээ хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргажээ.

ТӨРӨӨС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ

Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК үйл ажиллагаагаа зогсоосонгүй. Туул голын эргийг сүйдэлж, усны гол тэжээл болсон бургасыг нь хядаж байгаа ч өнөөдөр тэднийг зогсоох хууль Монголд үгүй ажээ.

Тэгвэл энэ эрх мэдэл яг хэний гарт төвлөрнө вэ. Хэвлэлүүдээр бичсэнийг харахад, “Зүүнбаян рефайнери”-ийн үйл ажиллагааг НИТХ-ын дарга С.Амарсайхантай шууд холбодог. Өөрөөр хэлбэл, Туулын эрэгт аялал жуулчлалын бүс байгуулах нэрээр тансаг харшууд босгож, өндөр үнээр борлуулах бизнес “Оюуны-Ундраа” групптэй холбогддог ажээ.  Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр нь НИТХ-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нарын төрсөн ах. Тиймээс Туулын эрэг дэх барилгыг “Оюуны-Ундраа” группийн нэг бизнес гэхэд хилсдэхгүй болов уу.

Хамгийн гол нь, Туулын эрэгт хувийн компани үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль үгүй ч “Зүүнбаян рефайнери”-ийн хувьд дүрэм, журмыг олон талаар зөрчиж, илэрхий ноцтой ажил хийж байгаа.

Тухайлбал, “Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн 5 га газрын бургасыг хядсан аж. Энэ нь Усны тухай хуулийн 22.2-ын “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг илтэд зөрчжээ.

Дээр нь анх газар авсан зориулалтыг гуйвуулж, өдгөө гурван давхар, 50 айлын тансаг хаус, дөрвөн давхар нүсэр үйлчилгээний төв барих гэж буй талаар эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл С.Амарсайхан энэ талаар одоо ямар тайлбар өгөх бол. Түүний хувьд хариулт хэзээд бэлэн байдаг ба хууль бус үйлдлүүдээ “Хотын хөгжлийн төлөө” гэсэн сайхан үгээр тагласаар өнөөг хүрсэн. Тэр ч бүү хэл, ийм ашиг сонирхлын зөрчилтэй хэрнээ НИТХ-ын дарга болж чадсан. Эндээс харахад, С.Амарсайхан МАН-д нөлөөтэй болохыг чармайж, хор хутгасаар НИТХ-ын дарга болсон нь өөрийн газрын наймааг хамгаалах зорилготой гэж харагдаж байна.

Хамгийн гол нь, С.Амарсайхан болон “Оюуны-Ундраа” группийг дийлэх төр, засаг, хууль хяналтын байгууллага үгүй ажээ. БОАЖЯ, Хамгаалалтын захиргаа, ТХНУГ-ын шаардлага, тушаал тэдний хувьд нохой хуцсаны дайнд нөлөөлсөнгүй.

Эх сурвалж: www.niigmiintoli.mn