Э.Анар: Төв банкнаас төлбөрийн системд хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарч байна

Report.mn

Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал Э.Анартай ярилцлаа.

-Төлбөрийн систем гэж юу вэ? Яагаад төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих нь төв банкны үндсэн үйл ажиллагааны чиг үүрэгт хамаардаг гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

Төлбөрийн систем гэж юу болохыг маш товчоор хэлбэл, энэ нь эдийн засаг дахь хурдны зам юм. Тодруулбал, төлбөр гүйцэтгэгчээс илгээсэн төлбөрийг хурдан түргэн, найдвартай хэлбэрээр төлбөр хүлээн авагчид хүргэж өгдөг систем гэж ойлгож болно. Нийт эдийг засаг дахь бараа, ажил, үйлчилгээний худалдаа, худалдан авалтын төлбөрийг бэлэн бус хэлбэрээр хийхдээ төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэдэг.  Иймд, төлбөрийн системийн үйл ажиллагаа нь төлбөр тооцооны харилцаа үүсч байгаа нийгмийн бүх давхарга, хувь хүн, байгууллага төрийн байгууллагыг хамарч байдаг. Энэ утгаараа төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төгрөгт итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг бэхжүүлэх үндсэн зорилготой байдаг. Төлбөрийн системээр хийгдэж байгаа гүйлгээний 2016 оны статистик мэдээнээс үзэхэд нийт 1.6 сая гүйлгээ хийгдсэнээс 97 хувийг  бага дүнтэй гүйлгээ эзэлж байна. Энэ нь  дүнгийн хувьд бага боловч хамрах хүрээний хувьд  иргэд, олон нийтийг илүү хамардаг, 24/7 зарчмаар ажиллаж байгаа бага дүнтэй гүйлгээний системийн ач холбогдлыг харуулж байна. Төв банкнаас хэрэгжүүлж буй төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол суваг нь төлбөрийн систем байдаг. Өнөөдрийн байдлаар их дүнтэй төлбөр тооцооны системээр хийгдэж байгаа өдрийн гүйлгээний дүнгийн 60 орчим хувийг  төв банкны  гүйлгээ эзэлж байна. Статистик мэдээнээс үзэхэд 2016 оны байдлаар нийт 157.8  их наяд төгрөгийн гүйлгээ хийснээс 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээг Төв банк хийжээ. Иймд, их дүнтэй төлбөрийн системийн тогтвортой, шуурхай ажиллагаа нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах гол нөхцөл болдог.

-Монголбанк санаачлан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл бэлтгэн УИХ-д өргөн барьсан шүү дээ. Энэ хуулийн гол үзэл баримтлалын мэдээлэл өгнө үү?

Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжид төлбөрийн системийн үйл ажиллагаа, түүнд оролцох эрх бүхий этгээд болон Төв банкны гүйцэтгэх үүрэг ба хяналтыг тусгаагүй байдаг. Техник, технологийн дэвшлийг дагаж төлбөрийн системийн үйл ажиллагаа  өргөжиж, шинэ төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн үйлчилгээ бий болж байгаа тул төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь  цогц байдлаар зохицуулах шаардлагатай байна. Түүнчлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төв банкнаас төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарч байна.

-Тэгвэл Монгол Улсын төлбөрийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?

Монголбанк, Дэлхийн банктай хамтран техник туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийг 2016 онд батлан гаргалаа. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, боловсронгуй болгох дунд хугацааны төлөвлөгөө юм.

Түүнчлэн, Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.  Энэ төслийн хүрээнд Монголбанкны дотоод төлбөр, тооцооны систем, бага дүнтэй гүйлгээний системийг тус тус шинэчилж, банк хоорондын их дүнтэй гүйлгээний “Банксүлжээ” систем, бага дүнтэй гүйлгээний системийг шинэчилснээр багц гүйлгээг нэг дор илгээх, харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр дебит гүйлгээг гүйцэтгэх зэрэг төлбөр тооцооны шинэ боломжийг бий болгох юм.

-Цахим мөнгө, төлбөрийн картад олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэж байгаа. Ямар стандарт нэвтэрснээр ямар өөрчлөлт орох вэ?

Төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг олон улсын стандартын дагуу чиптэй болгоно. Энэхүү чип стандартыг нэвтрүүлснээр ₮ картын гүйлгээнээс гарах эрсдэл буурч, хулгайн болон залилан мэхлэх гүйлгээг хийх боломжгүй болох юм. Мөн чип технологид суурилсан төлбөрийн картыг зайнаас уншуулж төлбөр гүйцэтгэх стандартыг нэвтрүүлж байгаа.

-Үндэсний төлбөрийн системийн хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлж чадвал санхүүгийн хөгжлийн зөв, шинэлэг ажлын эхлэл гэж үздэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Өнөөдрийн байдлаар төлбөрийн системийн хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас төлбөрийн системийн үйл ажиллагаанд хэн, хэрхэн оролцох, ямар шалгуур тавигдах, хариуцлага, хяналтыг хэрхэн тогтоох зэрэг нь хуульчлагдаагүй тул төлбөр тооцооны шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, төлбөр тооцооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Хууль зүйн орчныг тодорхой болгосноор техник технологийн дэвшилд суурилан энэхүү салбар маш хурдацтайгаар хөгжиж, санхүүгийн бүтээгдхүүн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шинэ хэрэгсэл, шинэ боломж бий болж, төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.

-Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар одоогийн мөрдөж байгаа төлбөр тооцооны шимтгэлд ямар өөрчлөлт орох вэ?

Хууль батлагдсанаар банкуудын үзүүлж байгаа төлбөр тооцооны үйлчилгээний шимтгэлд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.

-Тэгвэл одоогийн хуулиар төлбөр тооцооны шимтгэлийг банкууд өөрсдөө тогтоодог. Харин хууль батлагдсанаар Монголбанкнаас төлбөр тооцооны шимтгэлийн дээд хязгаарыг тогтоох зохицуулалтыг багтаасан гэж байгаа. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?

Хууль батлагдсанаар төлбөр тооцооны үйлчилгээнд бодит бус, хэт өндөр шимтгэлийг тогтоохоос сэргийлэх, нэг үйлчилгээнд хоёр банк оролцож байгаа тохиолдолд шимтгэлийг хэрхэн хуваарилах, шинэ үйлчилгээг дэмжих зорилгоор түүнээс авах шимтгэлийг хэт бууруулахгүй байх зэрэг зохицуулалтыг Монголбанк хийх боломжтой болж, төлбөрийн системээр үйлчлүүлж байгаа харилцагчийн эрх ашгийг хамгаалах юм.

-Өнгөрсөн онд 2016 онд банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулдаг болсон. Энэ нь ямар давуу талтай, үүн дээр ямар шинэчлэл нэмэгдэн орж байгаа вэ?

Банк хоорондын цахим худалдааг нэвтрүүлснээр аливаа худалдаа эрхлэгч нь өөрийн цахим хуудсыг заавал бүх банктай холбох шаардлагагүй, зөвхөн нэг банктай холбон төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлснээр бүх банкны (ХААН банкнаас бусад) картаар төлбөр хүлээн боломжтой болсон. Цаашид цахим худалдааг ашиглан олон улсад худалдаа хийх, бараа үйлчилгээгээ борлуулсны төлбөрийг нь хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд өрсөлдөх боломж нээгдэх, гадаад валютын орох урсгал нэмэгдэх сайн талтай гэж бид үзэж байгаа.

-Цахим картын үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлж, интернет үйлчилгээг хөгжүүлэх олон заалт туссан байгаа гэсэн. Тухайлбал, ямар заалт туссанаар ямар үр дүнтэй байх вэ?

Картын болон интернет үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх талаар тусгайлан заасан заалт, зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үүнийг Монголбанкнаас тогтоох журам, заавраар зохицуулах нь зүйтэй байх.

-Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр “Төгрөг” гэдэг нэртэй төлбөрийн карт гарч байгаа. Энэхүү картыг улам боловсронгуй болгох талаар ямар санаачилга гарч байгаа вэ?

Үндэсний төлбөрийн карт “₮ карт”-ыг 2012 онд Монголбанкнаас санаачлан, шинээр нэвтрүүлж, дотоодын зах зээлд ашиглаж эхэлсэн. Монголбанкны санаачилгыг банкууд дэмжиж, ₮ картыг өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр нийт төлбөрийн картын зах зээлийн 70.3 хувийг ₮ карт дангаар эзэлж байна. Олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран ₮ картыг хосолсон брэнд хэлбэрээр гаргах боломжийг Монголбанкнаас 2014 онд нээж өгснөөр банкууд хосолсон ₮ картыг гаргаж, ₮ карт олон улсад гадаад валютын төлбөр, тооцоонд ашиглагдах болсон. Үүний хамгийн тод жишээ нь ₮ карт Union Pay International (UPI) хосолсон брэнд карт бөгөөд энэ картыг эзэмшигч нь UPI-ийн сүлжээ орсон бүх орнуудад өөрийн ₮ картыг саадгүй ашиглах боломжтой юм. Монголбанк нь олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагатай хамтран хосолсон ₮ карт гаргаж олон улсад хэрэглэх боломжийг улам нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Шинэ хуульд төлбөрийн системийг боловсронгуй болгож шинэчлэхээс гадна Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжсэн ямар өөрчлөлт орж байгаа вэ? Ер нь төлбөрийн системийн ил тод байдал, шилэн байх тухай асуудал яригддаг уу?

Төлбөрийн системд баримтлах бодлого, үйл ажиллагааны журам, нийт төлбөрийн системийн статистик мэдээг Монголбанк  цахим хуудсандаа олон нийтэд ил тод байршуулдаг. Төлбөрийн системээр дамжиж байгаа гүйлгээний ихэнх хувь нь иргэд, хувь хүн, хувийн байгууллагын гүйлгээ байдаг бөгөөд эдгээрийн нууцлал нь хуулиар хамгаалагдсан байдаг учир шилэн байлгах боломжгүй. Иймд төлбөрийн системийн үйл ажиллагааг ил тод байлгах асуудал хурцаар тавигдаж байгаа гэж бодохгүй байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Б.Долзодмаа

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1265