Н.Баясгаланбат: Солонгос, Чех улсын хуурамч виз дардаг луйвар олноор гарч байна

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Н.Баясгаланбаттай залилангийн гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Залилангийн гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна гэсэн. Энэ оны байдлаар хэдэн иргэн хохирсон бэ?

-2018 оны эхний есөн сарын байдлаар 3,924 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3,468 нь нийслэлд бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Хохирлын хувьд нийт 5,162 иргэн 100.5 тэрбум төгрөгөөр хохирсон.

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Гэтэл гэмт хэргийн гаралт өсч буйд юу нөлөөлж байна вэ. Эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас иргэдийн амьжиргаа буурсных уу. Эсвэл иргэдийн хариуцлагагүй байдал, амар хялбар аргаар ашиг олох гэдэг нь нөлөөлж байна уу?

-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс эхлээд хувь хүний хувийн зохион байгуулалт хүртэл хамааралтай. Гэмт зэрэг бол нийгмийн халдварт өвчин. Хүн өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг шиг гэмт хэргийн золиос болохоос мөн л сэргийлэх ёстой. Гэтэл өөрийн бодлогогүй шийдвэр, санамсар Болгоомжгүйгээсээ болж хохирогч золдог. Тэр дундаа ажил хэргээ амар хялбар аргаар бүтээж, нэг дор их хэмжээний ашиг олох сонирхол иргэдийн дунд байдаг. Энэ нь гэмт этгээдэд өгөөш болж байна.

-Сүүлийн жилүүдэд бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн гаралт ихэсжээ. Иргэд тухайн бичиг баримтыг жинхэнэ эсэхийг яаж мэдэх боломжтой юм бэ?

-Залилах гэмт хэргийн үед бичиг баримт ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Бүртгэгдсэн хэргийн хувьд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусдыг залилсан хэргүүд бий. Жинхэнэ эсэхийг тухайн үнэт цаасыг олгосон байгууллагаас тодруулах хэрэгтэй.
Жишээ нь, газрын гэрчилгээний захирамж нь зөв эсэх, бүр үнэт цаас нь жинхэнэ байна уу, үгүй юү. Бүр бичлэгийн хэлбэр, тамга тэмдэг нь үнэн эсэхийг тухайн дүүргийн Газрын албанаас заавал тодруулж, шалгуулах хэрэгтэй.

-Визний залилан өссөн гэсэн?

-Мөн л өсөлттэй байгаа. Гадаад руу тэр дундаа Солонгос, Чехийн виз гаргаж өгнө гэж бусдыг залилсан 450 хэрэг бүртгэгдсэн. Виз гаргаж өгнө гэж үйлчилгээний хөлс авч луйвардахаас гадна гадаад паспорт дээр нь хуурамч виз дарж өгсөн тохиолдол цөөнгүй гарлаа. Хуурамч гэдгийг нь мэдээгүй иргэд гааль дээр очоод баригддаг. Ийм тохиолдол олон бий.

 Солонгос, Чехийн виз гаргаж өгнө гэж бусдыг залилсан 450 хэрэг бүртгэгдсэн.

-Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэхдээ ихэвчлэн аман гэрээ байгуулах замаар өгдөг. Гэтэл зээлээ төлөхгүй байх, эсвэл сураггүй алга болох тохиолдол олон. Энэ тохиолдолд хохирогч цагдаагийн байгууллагад хандлаа гэж бодоход хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь хэдэн жил гэж заасан байдаг юм бэ?

-Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гэм буруутай эсэхийг шалгах ажиллагаа явагдаж болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн, хүнд хэргийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаа хэд гэж зааснаас хамаарна. 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаарч 1-12, цаашлаад 20 хүртэлх жил өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж зааж өгсөн. Ингэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тооцох ёстой.

-Хөөн хэлэлцэх хугацааг сунгах, шинэчлэх боломжтой юу?

- Боломжтой. Дахин гэмт дахин үйлдвэл сүүлчийн гэмт хэргийн үйлдсэн үеэс тус бүрд нь шинээр тоолох хуулийн зохицуулалт бий.

-Иргэд хохирогч болсон гэдгээ хэр хугацаанд ойлгож, цагдаагийн байгууллагад ханддаг юм бэ?

-Харьцангуй ойлголт. Хэдхэн сарын дотор ойлгож, мэдэрдэг нэгэн байхад бүр олон жилийн дараа ухаардаг хүн ч байна. Яагаад олон жил хүлээдэг бэ гэхээр тухайн хүнд итгэсэн итгэл байгаа болохоор тэсэж хүлээдэг юм билээ. Тэгэхээр хэнд залилуулсан бэ гэдгээс хамаарч цагдаагийн байгууллагад хандах хугацаа өөр.

-Фэйсбүүк хуудсыг хакердаж, бусдаас мөнгө залилах тохиолдол ихэссэн. Энэ онд хэдэн удаагийн үйлдлийг илрүүлсэн бэ?

-Цахим орчинд 278 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч 45 хоногийн хугацаанд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр залилангийн гэмт хэрэг өссөн.

Тэр дундаа пирамид тогтолцооны луйврын гэмт хэргийн гаралт ихэссэн учир сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм. Тухайн үед гэмт хэргийн гаралт 90 орчим хувиар буурсан. Гэтэл энэ намраас эхлэн буцаад өсөх тийшээ хандаж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийг хэдий насны иргэд үйлдэж байна вэ?

-Насны хувьд харьцангуй. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг компьютерийн тодорхой хэмжээний мэдлэгтэй иргэд үйлддэг. Хэдхэн хоногийн өмнө цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглаж, фейсбүүк хаяг нээж, төлбөртэй сурталчилгаа байршуулна гэсэн зар тараасан байсан. Энэ хэргийг цаг алдалгүй илрүүлсэн учир хохирол учраагүй. Харин залилангийн гэмт хэргийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд үйлддэг.

-Пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилсан гэмт хэрэг олноор гарсан. Иргэд энэ талын мэдээлэлтэй болсон ч гэнэдэх тохиолдол тасрахгүй байна. Хамгийн сүүлд Станфорд олон улсын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулалт хийсэн иргэд хохирсон гэж гомдол гаргасан. Шалгалтын ажил ямар төвшинд үргэлжилж байгаа бол?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Пирамид тогтолцооны луйвард 200-300 мянган иргэн хохирсон байх магадлалтай. Станфордын хэргийг шалгаж байгаа. Гэхдээ Ирландад төвтэй нээлттэй хувьцаа зарласан хөрөнгө оруулалтын компани. Нээлттэй ажилладаг компанийн гол зарчим бол үйл ажиллагаа бүх хүнд нээлттэй байх ёстой. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулалтын гурван шатлалтай. Хэмжээ нь ил тод хөрөнгө оруулалтаас ногдол ашиг авах системтэй. Офшор бүсэд данстай. Ийм компани. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг хэдий хэр хугацаанд хэд дахин өсгөж өгнө гэж амлалт өгөхгүй гэсэн анхааруулгатай юм билээ. Тэгэхээр хуульд зааснаар илтэд мэдэх ёстой мэдээллийг төөрөгдүүлээгүй гэж харахаар юм билээ.

-Тэгвэл иргэд хохирлоо барагдуулах боломжгүй гэсэн үг үү?

-Гаднын компанийн хувьд эргэлзээтэй. Энэ хэргийг Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа. Миний мэдэхээр эрүүгийн хэргийн дугаар авсан 10-аад хэрэг бий. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, тухайн компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын системийг манай иргэд бусдад буруугаар танилцуулж, тайлбарласан. Хөрөнгө оруулалтаас олох ногдол ашгийн хэмжээг буруугаар ойлгуулсан нь тогтоогдвол залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

-“Жи тайм”-ын хэрэгт Ж.Маратыг яллагдагчаар татъя хэрэгт холбогдуулан шалга сан. Гэвч оргон зайлсан байж билээ. Хэдэн иргэнийг холбогдуулан шалгаж байна Иргэдийн хохирлыг бараг лах боломж бий юү?

-Шүүхээс гэм буруу эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад гэм буруутай гэж эрх бидэнд байхгүй.  “Жи тайм” гэх тодотголтой хэрэгт хоёр иргэнийг яллагдагчаар татаж шалгаж байна. 11,400 орчим хүн хохирогчоор тогтоогдсон. Хохирлыг хэрхэн барагдуулах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Бусдад залилуулсан иргэн амь хорлосон эсвэл тохиолдол гарсан уу?

-Байлгүй яах вэ. Нэлээд хэдэн жилийн өмнө БНХАУ-ын иргэнтэй хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн захирал залуу бусдад залилуулж, компаниа, гэр орноо алдсан. Ингээд гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон. Ингэхээр бусдыг залилах нь зөвхөн нэг иргэнийг хууран мэхэлж буй хэрэг биш. Бүхэл бүтэн гэр бүлийг сүйрүүлж ч мэдэх урхагтай.

Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Нөгөө талаасаа иргэд амар хялбар аргаар ажлаа бүтээх гэж оролдооч ээ гэж хэлмээр байна. Энэ нь гэмт этгээдэд өгөөш болж байна. “Хялбар сурдаг эрдэм гэж байдаггүй” гэдэг шиг хялбархан бүтдэг ажил бараг байхгүй. Бусдад найдаж, залилуулахын оронд өөрсдөө хичээж, зүтгэх хэрэгтэй. Залилангийн гэмт хэрэгт нийтлэг тохиолддог нэг арга бий. Энэ нь ажил хэргийг нь бүтээж өгнө, гадаадын хөрөнгө оруулалт татаж өгнө, зээлд хамруулна гэх зэргээр хуурахдаа шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлж авдаг.

Хэсэг хугацааны дараа “Ажил хөөцөлдөхөд бага зэрэг мөнгө хэрэгтэй байна. Ажил бүтэхээр эргүүлээд төлчихье” гэхээр нөгөө иргэн итгэж мөнгө өгдөг. Учир нь “ажил бүтээхэд үйлчилгээний төлбөр төлөх ёстой” гэсэн үгнээс илүү “Зээлээч” гэдэг үгэнд хамгийн их итгэдэг байгаа юм. Ингээд хэсэг хугацаа өнгөрнө. “Гадаад түнштэй очиж уулзах хэрэгтэй байна. Хамт явах уу” гэхээр мэдээж явна. Бүх зардлыг хохирогч гаргаж таарна. Гэхдээ өөрийгөө хохирогч болсон гэдгээ мэдэхгүй шүү дээ. Ингэж мөнгө гаргаж өгсөөр байгаад үнийн дүн олон арван сая төгрөг болчихдог. Эцэст нь “Бүтэхгүй юм шиг байна. Зээлсэн мөнгөө эргүүлээд өгчих” гэхээр "За” гэж хэлээд алга болох жишээтэй. Энэ бол залилангийн гэмт хэргийн сонгодог жишээ. Гэтэл залилан хийсэн иргэн нь “Би ажлыг нь бүтээх гэж хөөцөлдсөн. Өөрөө болилоо гэж хэлсэн” гэдэг тайлбарыг өгдөг.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
12676