Мөрдөн байцаах алба бол цагдаагийн зүрх болсон алба юм. Тэгвэл өнөөдөр тус хамт олон орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тохижуулсан шинэхэн барилгынхаа нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, бригадын генерал Д.Батжаргал, Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ХЗДХЯ-ны харьяа агентлагууд болох ХСИС, ШШГБ, Иргэний харьяат, Хил хамгаалах газрын удирдлагууд болон цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд, Мөрдөн байцаах албаны ахмад, залуу үеийн төлөөлөл оролцлоо.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Өнөөдөр Мөрдөн байцаах алба маань шинэхэн байрныхаа нээлтийг хийж байна. Энэхүү барилгыг нийт найман сарын хугацаанд хийж, хүлээлгэн өгсөн барилгын компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол хүмүүс ажлыг хариуцлагатай, хурдан шуурхай, чанартай хийж чаддаг юм байна гэдгийг энэ хамт олон харуулж чадсан. Би ХЗДХЯ-нд ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагын хамт олныг ойрын 50-100 жилийн хугацаанд амар тайван орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид ар гэрээ мартчихсан, энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө үргэлж зүтгэдэг ийм л хүмүүс. Тиймээс Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг стандартын шаардлага хангасан байранд ажиллах ёстой хэмээн үзэж, бүхий л мэргэжлийн онцлогт нийцсэн өрөө, танхимыг стандартын дагуу тохижуулсаныг дурдах хэрэгтэй. Мөрдөн байцаах албаны залуучууд, хамт олонд хандаж хэлэхэд мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэл, хуульч ажиллагааг эрхэмлэн ажиллах нь чухал гэдгийг хэлмээр байна. Та бүхний сэтгэл зүрх, зарчим, хариуцлагатай байдлаас Монгол төрийн, Монголчуудын хувь заяа шалтгаална. Худал хуурмаг, хуйвалдааны өмнө бууж өгч болохгүй. Гурван сая иргэний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаарай гэж хэлээд, ажлын амжилтыг хүсье.
Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал:
“Анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд Мөрдөн байцаах алба маань 1988-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 жилийн турш тэрхүү гурван давхар саарал барилгадаа үйл ажиллагаагаа явуулжээ. Тэгвэл барилгын суурин дээр бид өнөөдөр 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байрандаа орж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчидын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн байрыг барьж ашиглалтад оруулахад бүх талын туслалцаа үзүүлсэн Монгол улсын Засгийн газар, ХЗДХЯ, “Билгүүн Монгол Констракшн” компани болон бусад байгууллага хамт олон талархал илэрхийлье. Ялангуяа барилгын шавыг тавихаас эхлээд дуусах хүртэл байнга биечлэн анхаарал тавьж, зааварчилж , чиглүүлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танд баярласнаа илэрхийлье. Энэхүү барилга ашиглалтад орсноор Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хаагчидын ажиллах, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна. Цаашид бид иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллах болно.
Мөрдөн Байцаах Газрын дарга асан, Цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл:
Өнөөдөр Мөрдөн байцаах албаныхан маань хоёр дахь шинэ гэрээ хүлээн авч байна. Мөрдөн байцаах албаны хувьд 70 орчим жил өөрийн гэсэн байргүй олон байгууллагын хаяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Монгол улсын анхны ерөнхийлөгч Д.Очирбат Засгийн газарт чиглэл өгүүлснээр Засгийн газар тогтоол гаргаж, Мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэн 1990-ээд оны эхээр Мөрдөн байцаах алба маань айлын өрөөнөөс гарч хуучин ч гэсэн өөрийн гэсэн байртай болсон юм. Ингэснээр эдгээр алба хаагчидын маань ажилд тодорхой хэмжээний ахиц гарсан. Ажилтнуудын ажиллах нөхцөл нь ажлын үр дүнд нөлөөлдөг нь үүнээс харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр орчин үеийн шаардлага хангасан барилгад нүүн орж байгаа алба хаагчид маань илүү их урам зоригтойгоор ажиллаж, хийсэн ажил бүрийнхээ ард гарч чадна гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх тал дээр олон сайхан ажлыг хийж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ тал дээр их сэтгэл гаргаж ажиллаж байгаад баяртай байна. Цагдаагийн байгууллагын эрхзүйн орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн зүтгэл гарган ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлье.
Тус шинэ барилгын хувьд Мөрдөн байцаах албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах 24 өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, 256 хүний хурлын танхим, 14 автомашины багтаамжтай дулаан зогсоол, цахилгаан тасарсан үед ашиглах бэлэн байдлын генератор, иж бүрэн камерын системийг шийдсэн цогц барилга болжээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч бялдаржуулах болон албаны бэлтгэлийн заал, хоолны заал, саун, душ зэргийг барьж алба хаагчдын ая тухтай орчныг дээд зэргээр бүрдүүлэх жишиг гэж хэлж болохоор тохижилтууд хийгдсэн байна.