Тээврийн шалгалтыг зургаан дүүрэгт зэрэг эхлүүллээ

Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү аян авто зам дээр жолоо мушгиж буй хүн бүрт хамаатай.

Учир нь монголчууд бидэнд нийтлэг нэг дутагдал байдаг нь авто машиныхаа бүрэн бүтэн байдалд хэнэггүй, тоомжиргүй ханддагаас аливаа осол аваар гардаг гэдгийг албаныханхан хэлдэг. Ийм аюулаас урьдчилан сэргийлж дээрх арга хэмжээг авч нийслэлийн зургаан дүүрэгт зэрэг үзлэг шалгалтыг эхлүүлжээ. Манай сонин өчигдөр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог орчимд хяналт шалгалт хийсэн байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Шалгалтаар Тээврийн цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхмөнх, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Ихтайван, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Авто тээврийн хэрэгслийн улсын байцаагч Х.Энхням нар ажиллалаа.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхмөнхөөс шалгалтын талаар тодрууллаа.

-Хөдөлгөөнд оролцож яваа автомашины тодорхой хэсэгт үзлэг хийж байгаагийн гол зорилго юу вэ?

-Энэ бол Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалт. 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ыг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх үйл ажиллагаа. Энэ шалгалтаар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийнэ.

2019 оны үзлэг оношлогоонд орчихсон ч бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх тохиолдол байдаг. Ийм зөрчил илэрвэл тухайн тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авна. Ингээд “Авто тээврийн үндэсний төв” рүү шилжүүлээд тухайн зөрчлийг арилгуулсны дараа дахин оношлогоонд оруулна. Иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авна. Мөн бичиг баримтыг нь “Авто тээврийн үндэсний төв”-д шилжүүлнэ. Ер нь бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй оролцдог болгоход жолооч нарыг уриалсан арга хэмжээ гэсэн үг.

-Аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ гэлээ. Жолооч нарын хувьд юуг анхаарвал энэ шалгалтад “бүдрэхгүй” байх вэ?

-Тээврийн хэрэгслийн өнгө үзэмжээ сайжруулах хэрэгтэй. Нэмэлт хэрэгслүүд дутуу байж болохгүй. Манай жолооч нарын хувьд гэрэл дохио нь эвдэрсэн, толь нь байхгүй, тормоз барихгүй зэрэг аюултай зөрчилтэй хөдөлгөөнд оролцдог. Энэ байдлыг газар дээр нь илрүүлэх, таслан зогсоох зорилготой. Ингэснээр мэдээж учирч болзошгүй олон эрсдлээс сэргийлсэн өгөөжтэй арга хэмжээ болж байгаагаараа олон нийтэд хэрэгтэй. Тиймээс жолооч та Монгол Улсын авто замын хөдөлгөөнд заагдсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, нэмэлт хэрэгсэл буюу эмийн сан, галын хор зэргээ авч явж хэвшихийг анхааруулъя. Мөн улсын дугаарын тоо арилсан, бүдгэрсэн, улсын дугаарыг намсгасан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоог өөрчилсөн гэх мэт тохиолдлуудыг шалгаж байна. Энэ шалгалт замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхий л тээврийн хэрэгсэлд хамаарна. Баянбүрдийн тойрог бол автомашины хөдөлгөөн ихтэй хэсэг. Энэ хэсэгт хяналт шалгалт эрчимтэй хийсэн ч ноцтой зөрчил илрээгүй нь таатай мэдээ байв. Тухайлбал, 30-49 УНТ улсын дугаартай микро автомашины утаа, тортогийн хэмжээг шалгасан ч 40 хувьд хүрсэнгүй. Тиймээс зөвшөөрөгдсөн хэмжээнд утаа ялгаруулж байна гэж НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Авто тээврийн хэрэгслийн улсын байцаагч Х.Энхням үзлээ. Түүний яриаг хүргэе. .

Тэрбээр “Тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдал, үзлэгт хамрагдсан эсэх, яндангийн утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгслүүдээ бүрэн хангасан эсэхэд шалгалт хийж байна. Авто зам бол хамгийн эмзэг, хамгийн аюултай хэсэг. Энд олон шалтгаанаас болж осол аваар, эрсдэл бий болдог. Үүнээс сэргийлэх, жолооч нараар холбогдох зөрчлийг арилгуулахад шалгалтын зорилго оршиж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсээс нийтийн зорчигч тээврийн автобуснаас ялгарч байгаа утааны тортогжилтод хэмжилт хийж байна. Дизель хөдөлгүүртэй авто машины утааны тортогжилтын дээд хэмжээ MNS5014209 гэсэн стандартад нийцсэн байх ёстой. Том оврын автобусны хувьд 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Үүнээс хэтэрсэн бол тортогжилт өндөртэй авто машин гэж үзнэ. 2018 оны аравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл энэ төрлийн шалгалтыг хийж байсан. Шалгалтад нийтийн зорчигч тээврийн 412 автобус хамрагдсанаас 164 нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн зөрчил илэрч байсан. Өнөөдрийн байдлаар ноцтой зөрчил илэрсэн тээврийн хэрэгсэл байсангүй. Зөрчлийн тухай хууль дөнгөж хэрэгжиж эхэлсэн үеийг өнөөдөртэй харьцуулбал иргэд, авто машин жолоодогчдийн ухамсар ихээхэн өөрчлөгдсөн гэдгийг энэ үеэр албанынхан хэлж байлаа. Мэдээж зөрчил, дутагдал гарсаар байгаа нь бүрэн арилахгүй байгаа ч хүмүүсийн ухамсар дээшилсэн гэдгийг тэд онцоллоо. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Баянгол хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Ихтайван ч мөн ярилаа. Тэрбээр шалгалтын зорилго, ач холбогдлын талаар “Авто тээврийн тухай хууль, Агаарын тухай хуульд нийцсэн дүрэм журмыг сахиулах, MNS45982011 гэсэн стандартын дагуу тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг нь шалгаж байна. Агаарын бохирдолд нөлөөлж байгаа утааны хорт бодисын хэмжээ ямар байх нь вэ, машины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдлыг нь ч мөн шалгаж байна. Манай жолооч нарын хувьд ихэвчлэн өнгө үзэмж муу, нэмэгдэл тоноглолгүй, техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй зөрчил илэрдэг. Энэ удаагийн хяналт, шалгалт зургаан дүүргийн хэмжээнд зэрэг болж байгаагаараа давуу талтай.

Тодруулбал, орон нутгийн оношлогооны явуулын тээврийн хэрэгслийг хамруулсан. Ингэхээр ганц дүүргийн тоног төхөөрөмж, машин техникт баригдаад байхгүй болж байна. Манай Баянгол үзлэгийн төвөөс хоёр машин тоног төхөөрөмжийнхөө хамт үзлэгт гарсан. Нэг нь Чингэлтэй дүүрэгт, нөгөө нь Баянголдоо ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2018 онд үзлэгт ороогүй машинууд таарч байна. Түүнээс утааны тортогжилтын хэмжээ нь стандартаас давчихсан техникүүд байсангүй. Тухайлбал, дөнгөж сая үзсэн “Блюбус” компанийн Зунжин ТЭЦ-4 чиглэлийн автобусны утааг хэмжсэн ч тортогжилтын хэмжээ хэвийн байлаа. Мөн 19-86 УНП улсын дугаартай RAW4 маркийн авто машины утааны хорт хэмжээг шалгалаа. Энэ машинд утааны хорт бодисын хэмжээ хэвийн гэсэн хариу гарч байна. Хорт бодисын хэмжээ гэдэг нь CO-ийн хэмжээ 0.3-аас бага байх ёстой бага байна. HC-ийн хэмжээ нь 250-иас бага байх ёстой бага байлаа. Бинзен хөдөлгүүртэй авто машины стандартын хэмжээ нь MNS5013209. Дизель хөдөлгүүртэй авто машины хувьд MNS5014209 стандартаар шалгадаг.

Албанынхан ийн ярилаа. Жолооч нарт анхааруулахад, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөтэй холбоотой асуудал учраас эрчимжүүлсэн хяналтыг хийж байгаа бөгөөд хэрэв үзлэгт орох хугацаа нь хэтэрсэн байвал Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.3- т заасны дагуу хүнийг 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгох аж. Харин хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
13559