С.Эрдэнэ: АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт хууль зөрчөөгүй

С.Эрдэнэ: Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг УДШ бүртээгүй учир хуучин дүрмээр сонгууль явуулна

Сүүлийн үед Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоосон татвар хураамж, ирэх сарын 2-нд болох нийслэл, аймаг, сумын АН-ын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгуулийн талаарх мэдээлэл олны анхаарлыг ихээр татаж байгаа. Ардчилсан намын нэр бүхий гишүүд ч үүнийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүх ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсныг бүртгэхээс татгалзсан юм. Тиймээс дөнгөж саяхан Ардчилсан намын удирдлагууд дээрх асуудлаар мэдээлэл хийлээ.

Report.mn

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Үндсэн дүрмийг зүйл нэг бүрээр хэлэлцүүлсэн. Ардчилсан намын долдугаар Их хурал үндсэндээ долоо хоног үргэлжилсэн. Бэлтгэл ажлын хүрээнд бүх, аймаг дүүрэг дээр салбар хуралдааныг хуралдуулсан. Хамгийн олон санал авсан зүйл заалтыг нэгтгээд Их хурлаар хэлэлцүүлсэн. Томоохон хурал дээр үндсэн дүрмийг нэг бүрчлэн хэлэлцүүлдэггүй. Хэлэлцүүлэх шаардлагатай бол салбар хуралдаанаар хэлэлцүүлээд гарсан шийдвэрийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэж баталдаг олон улсын жишиг бий.

Манай улс орон ч энэ жишгийн дагуу явдаг. АН-ын анхан, дунд шатны намын удирдах бүрэлдэхүүнийг сонгох бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажлыг дүрэм батлагдаагүй байхад, Дээд шүүх бүртгээгүй байхад дэнчин тогтоолоо гэдэг гомдол, яриа гарч байна. Хариуцлагатайгаар хэлэхэд Улсын Дээд шүүхэд өгсөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд хоёр асуудал байгаа. Хэрэв бүртгэж авахгүй бол нэгдүгээрт Үндэсний бодлогын хороо гэдэг нэр томьёо Үндэсний зөвлөлдөх хороо гэдгээрээ үлдэнэ. Хоёрдугаарт анхан, дунд шатны намын хороогоор батална гэсэн асуудлыг бүх гишүүдээс батална гэж өөрчилсөн байсан. Үүнийг анхан дунд шатаар батлах нэмэлт процесс гарахаар байна. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байсан бол АН-ын бүх гишүүдийн сонголтоор удирдлагуудаа сонгодог өөрчлөлтийг оруулсан.

Бүх гишүүдээр явуулдаг сонгуулиа явуулдагаараа явуулна. Дараа нь гарсан үр дүнг тухайн намын хорооны хурлаар оруулж баталгаажуулах нэмэлт ажил үүсч байна. Дэнчин тогтоох, хэмжээ, хураамжийг тогтоох асуудал хуучин дүрмээрээ явж байгаа. Харин дэнчин тавиад сонгуульд өрсөлдсөн хүмүүс алагдал хүлээвэл дэнчгийн мөнгөө буцаан авна” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр "Улсын дээд шүүхэд Ардчилсан намын үндсэн дүрмийг шинэчлэн найруулах ч юм уу, шинэ дүрмийн төслийг оруулаагүй. Энэ дүрэм Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй, Ан-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ дүрэмд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж бүртгүүлэхээр өгсөн. Үүнийг Улсын Дээд шүүх үндэслэлээ гаргаад бүртгэхгүй гэх юм бол дээр дурдсан хоёр өөрчлөлтөөр явна. Үүнд цаг хугацаа болон боломжгүй нөхцөл үүсэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.

Ардчилсан намын гишүүд ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж эхэллээ

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж эхэлсэн байна. Учир нь улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг хуралдуулахыг шаардаж эхэлжээ. Тэд “Улсын дээд шүүх рүү намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт ямар хэлбэрээр явсныг, Дээд шүүх яагаад бүртгэхээс татгалзсан талаар баримт тайлбар авахыг хүсчээ. Мөн яг одоо АН-ын хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл дээд шүүх бүртгэгдээгүй дүрэм үйлчилж байна уу гэдэг нь Ардчилсан намын жирийн гишүүдийн эргэлзээтэй байдалд оруулж байна. Улс төрийн намын тухай хуульд Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг заасан. Тийм учраас намын дотоод сонгуулийг явуулах нь зүйд нийцэх эсэх, дотоод сонгуулийн хорооны гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь аль дүрмээр явж байгааг тодорхой болгох, өндөр хураамж, дэнчин нь аль дүрмээр тогтоогдож байгааг тодруулахыг шаардаж ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж эхэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1381