Б.Алтансувд:Гэр бүлийн аз жаргал эхнэр нөхрийн бат бөх харилцаанаас эхэлнэ

Б.Алтансувд:Гэр бүлийн аз жаргал эхнэр нөхрийн бат бөх харилцаанаас эхэлнэ

АНУ-ын иргэнтэй гэр бүл болоод тэндээ амьдардаг Монгол бүсгүйтэй гэр бүлийн үнэ цэнэ, хайрын тухай, хүүхдийн суурь хүмүүжил, азжаргал, амьдралын тухай ярилцлаа.

Түүнийг Б.Алтансувд гэдэг бөгөөд сүүлийн үед yuotube-д влог хөтөлж, олон мянган дагагчтай болсон байгаа юм. Түүний амьдралын хэмнэл, үр хүүхдээ өсгөх ухаан нэг тийм өвөрмөц, бусдын хайрыг татмаар энгийн эгэл бүсгүй билээ.

Ингээд түүнтэй онлайнаар ярилцлсан ярилцлагаа хүргэж байна.
 
-Та өөрийгөө танилцуулна уу. Хэдэн онд гадаадын иргэнтэй гэр бүл болж, гадагшаа гарсан бэ?

-Намайг Батсайханы Алтансувд гэдэг. Би Улаанбаатар хотод төрж Багануурт өссөн. Хамгийн анх нөхөртэйгээ Багануурт сүмийн номлогчоор ирэхэд нь танилцаж байсан. Тухайн үед би 17 той манай хүн 19 тэй жоохон хүүхдүүд байлаа. Манай нөхөр номлолоо дуусаад нутаг буцаад иргэж Монголд ирсэн. Тэгээд бид 2 болзож найзалж байгаад гэрлэх шийдвэрийг гаргаад Монголдоо 2011 оны 7 сард хуримаа хийгээд тэр оны өвөл 12 сард АНУ-д амьдрахаар зорьж байсан.

-Хамгийн сүүлд хэзээ эх нутагтаа ирсэн бэ?

-Хамгийн сүүлд 3 жилийн өмнө Монголдоо очсон.




-Өөрийн тань youtube-д болон нүүр номондоо оруулсан постыг унших их дуртай. Мундаг эмэгтэй санагдсан?

-Баярлалаа. Би хүүхдүүдээ харахын хажуугаар өөрийгөө хөгжүүлж, бусадтай сурсан мэдсэн зүйлээ хуваалцах зорилгоор хоёр сарын өмнөөс YouTube-д бичлэгүүдээ хийж эхэлсэн. Эхлээд удаагүйч маш олон хүнээс эерэг сайхан хариуг аваад урамшаад цаашдаа маш олон контентуудыг хүргэхээр зорьж байгаа.

-Одоогоор гэртээ гурван хүүхдээ хараад мөн өөр айлын гурван хүүхдийг өдөр өнжүүлэх маягаар харж ажилладаг гэсэн үү. Олон хүүхэдтэй ажиллахад хүндрэл байдаг уу?

-Тийм. Одоогоор өөрийн гурван хүүхдээс гадна 3 сартай 10 сартай нэг нас гарантай гурван хүүхдүүд хардаг. Мэдээж хүндрэлтэй зүйлс байлгүй яахав. Хүний хүүхдүүд харна гэдэг маш том хариуцлага. Гэхдээ би багаасаа хүүхдэд их хайртай. Энэ хэдийгээ хошин шог үзэж байгаа юм шиг хараад баясаж байтал нэг мэдэхэд ээж аав нарынх нь ирэх цаг болсон байдаг. Энэ ажлаа удаан хийхгүй болохоор бас энэ олон хүүхдүүдийг харахад нээх хэцүү санагддаггүй байх. Ямарч гэсэн миний гарыг хараад хүн болох гээд байж байгаа бяцхануудыг өөрийн хүүхдүүдээс дутаахгүй хайрлаж хүмүүжүүлэхийг хичээдэг.

-Хүүхдийн суурь хүмүүжил их чухал гэж ярьдаг. Ээжийн хувьд бяцхан үрсээ яаж хүмүүжүүлж байна вэ?

-Би залуу ээж болохоор одоо ч гэсэн хүүхдийн хүмүүжлийн тухай суралцсаар л байна. Хүүхдийн суурь хүмүүжил маш чухал. Ялангуяа 5 нас хүртэлх хүмүүжил.  Тиймч болохоор эндхийн ээж нар хүүхдүүдтэйгээ гэртээ байж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаардаг. Миний хувьд хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн хөгжилд илүү анхаарч, хүүхдүүддээ сэтгэл хөдлөлөө сайн таньж мэдэж захирч сурахад нь туслахыг хичээдэг. Сэтгэлзүйн чадамж сайтай хүмүүс амьдралын шуурганд гудаахгүй өөдрөг жаргалтай амжилттай хүмүүс байдаг шүүдээ. Бас нөхөр бид 2 хүүхдүүдтэйгээ өдөр болгон 10 минут ч хамаагүй хамт чанартай цагийг өнгөрөөж ярилцаж тэднийхээ дотоод ертөнцтэй танилцахыг хичээдэг. Бид нар хүүхдүүдийнхээ хамгийн сайн найз, заагч, өмгөөлөгч нь байх хэрэгтэй.

-Монголд бол гэртээ хүүхэд төрүүлэхээс өөр ажил төрөл хийдэггүй гэж шүүмжлэх  үзэгдэл бий. Тэгвэл гадаадад шал өөр юм шиг санагдсан?

-Тийм шүү. Хөгжилтэй орны хүмүүс ээж хүний ажлыг хамгийн хэцүү, үнэ цэнэтэй ажил гэж үздэг. Хүүхдүүд улс орны бас бидний ирээдүй гэдгийг сайн ойлгосон хүмүүс. Гэртээ байдаг ээж л гэхээр ажил хийх чадваргүй, залхуу болохоороо гэртээ байдаг гэсэн ойлголтоо манайхан болих хэрэгтэй. Би ч гэсэн анх ёстой гэртээ  суусан ээж болохгүй гэж их боддог байлаа. Гэвч анх ээж болоод шууд хүүхдээсээ хэзээ ч холдохгүй гэж бодсон. Америкт гэртээ байдаг ээжүүд бас уйдна гэж байдаггүй. Маш олон гэртээ хүүхдүүддээ хардаг ээж нар байдаг болохоор, тэдэнд зориулсан үйл ажиллагаа, бас клубууд маш их байдаг тэгээд тэндээсээ зөндөө олон найз нартай болж нийгэмшиж бие биенээсээ суралцдаг.

-Үр хүүхддээ үлгэрлэж чадаж байгаа хамгийн эрхэм нандин үг, үйлдэл юу вэ?



-Ер нь бүх л үг, үйлдлээрээ үлгэр дуурайлал болохыг хичээдэг. Хүүхдүүд ер нь чихээрээ биш нүдээрээ сурдаг. Би хүүхдүүддээ бидний өгөх хамгийн том бэлэг бол тэдэндээ сэтгэл зүйгээрээ эрүүл аз жаргалтай ээжийг өгөх гэж боддог. Бид нар өөрсдөө эрүүл сэтгэл зүйтэй, тэвчээртэй байсны дараа хүүхдүүддээ амьдралд хэрэгтэй хичээлүүдийг зааж чадна. Жишээ нь би сэтгэлээр унасан, стресстэй үедээ хүүхдүүдийнхээ хийсэн алдаан дээр энгийн үеэсээ арай хурц хандах талтай байдаг. Тиймээс бид өөрсдөө өөрсдийнхөө төгс хувилбар болохын төлөө хичээж явах л юм бол хүүхдүүддээ сайн сайхан үлгэр дуурайлал нь болж чадна.

-Гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?

-Гэр бүлийн аз жаргал эхнэр нөхрийн бат бөх харилцаанаас эхэлнэ гэж би боддог. За багцлаад хэлвэл бүгд элэг бүтэн, эрүүл саруул эвтэй найртай бие биедээ хайртай бас байгаа зүйлдээ талархалтай амьдарч чадвал гэр бүл жаргалтай байна.

-Монголынхоо аж байдал амьдралыг АНУ хотод амьдарч байгаа газартайгаа харьцуулвал?

-Би Америкийн амьдралыг одоо амьдарч байгаа Iowa хотынхоо амьдралаар л сайн мэднэ. Мэдээж хөгжингүй орон болохоор амьдрах орчин хэв маяг маш тухтай. Хүмүүс нь найрсаг соёлтой, хүүхэд өсгөхөд маш тохиромжтой тайван газар байдаг. Байшин барилга нь байгаль устайгаа холилдож байдаг ч байгалиа маш сайхнаар нь хадгалж чаддаг. Жишээ нь манай гэрийн ард хэрэм туулай буга согоо явж л байдаг. Тийм гоё хүнээс айж ичихгүй холилдоод л гүйж байдаг.

-Амьдрах, ажиллах нөхцөл хэр вэ?

-Амьдарч ажиллах нөхцөл маш сайн боломж бололцоо ихтэй. Америкт хүний хөдөлмөрийг үнэхээр үнэлж чаддаг, хүний эрхийг дээдэлж чаддаг орон.

-Монголчууд ер нь ямархуу хүмүүс вэ?

-Монголчуудаа яг гал шиг хүмүүс гэж хэлнэ. Манайхан ямарч нөхцөл байдал ямарч газарт дасан зохицох чадвартай сэтгэлийн тэнхээтэй хүчтэй хүмүүс. Бас өөрийнхөө бодож санаж байгааг чөлөөтэй илэрхийлдэг шулуун шударга зантай. Ер нь их амар цайлган цагаан хүмүүс.

-Залуу гэр бүлийн хувьд эрхэмлэдэг харилцаа, мөрддөг зарчим юу вэ?

-Бид 2 гэр бүлээ нандингаар нь хадгалж явахыг хамгийн их дээдэлдэг. Хоёр биендээ итгэж бүх зүйлсийг ярилцаж шийддэг хоёр биенийхээ хамгийн сайн найзууд. Бас хоёр биенийхээ мөрөөдлийг  яг өөрийн мөрөөдөл шиг бодож нэг нэгнээ дэмждэг. Нэг нэгнийгээ сонсож нэг зүгт харж нэг мөрөөдөлтэй амьдардаг гэж хэлэх юмуудаа.

-Итгэл, ойлголцлол, хайрын тухайд?

-Гэр бүлд итгэлцэл хамгийн түрүүнд байх ёстой. Хоёр биендээ итгэж байж л нэгэн зүгт харж нэг зорилготой амьдарч чадна.  Хайрыг маш олон үгээр тодорхойлж болох ч миний өгөх хамгийн том тодотгол бол хайр хэзээ ч амиа бододгүй. Аан бас хайр гэдэг дөрөвхөн үгний цаана маш том хариуцлага хүлээж байдаг шүү. Хоёр биентэйгээ сайн ярилцаж ойлголцож чаддаг гэр бүл илүү жаргалтай бас амжилттай байдаг.

-Залуу гэр бүлийн хувьд юу гэж хэлмээр байна. Монголд гэр бүлээ салгах, үр хүүхэд өнчрүүлэх зэрэг нийгмийн маш буруу гажуу үзэгдлүүд их байна?

-Залуучууддаа хэлэхэд хайраа сонго, сонгосноо хайрла л гэж хэлмээр байна даа. Төгс хүн гэж хаана ч байхгүй тиймээс энэ хүнээс илүү хүн байгаа гэдэг гэр бүлийн хулгайчийг битгий сонсоорой. Бас хамт байгаа хүнтэйгээ ханилж суухгүй гэж бодож байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй. Эцсийн эцэст хүүхэд л хохирж үлддэг.

-Гадаад хүнтэй гэр бүл болсон юм билээ. Уучлаарай, гадаад эр, монгол эр хоёрыг их харьцуулдаг...Монгол эрчүүдэд үүрэг хариуцлага байдаггүй гэдэг. Үүнийг та юу гэж боддог вэ?



-Миний бодлоор гадаад эрчүүд болохоор тийм Монгол эр болохоор ийм гэсэн юманд итгэдэггүй. Хамгийн гол нь тэр хүнээсээ л шалтгаална. Америк мөртлөө адгийн муухай залуучууд байна. Монгол мөртлөө мундаг эхнэрээ хайрлаж үүрэг хариуцлагаа сайн биелүүлж яваа маш олон эрчүүд байна. Тэгэхээр би энийг хувь хүний хүмүүжил төлөвшилтэй шууд холбож ойлгодог. Яахав Америкийн дийлэнх эрчүүд ханилсан ханиа хайрлаж чаддаг хариуцлагатай тууштай. Манайхан ихэнх нь тэр хүмүүжлийг олж чадаагүй учраас л хүмүүс тэгэж ярьдаг байх.

-Эцэст нь уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд бидний яриаг уншиж бидэнтэй хамт байсанд баярлалаа. Бас намайг урьж оролцуулсан Оллоо.мн сайтын хамт олонд баярлалаа. Уншигчдадаа хандаж хэлэхэд бид өөрсдөө л амьдралаа бүтээж чадна. Тиймээс амьдралаа өөдрөгөөр харж цоглог байгаарай.

-Ярилцлагын санал хүлээн авч ярилцсанд баярлалаа?

-За, баярлалаа.
 






 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14077