ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ХҮМҮҮЖЭЭГҮЙ” БАЙНА

Ерөнхийлөгч Х.Баттулга “хүмүүжээгүй” бололтой. Эсвэл УИХ-ын даргаар ажиллаж байсан өдгөө Тамгын газрын даргын албатай З.Энхболдын ээлжит нэгэн улс төр энэ байж болох. Үүнийг ОХУ-д Монголоос суух Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах тухай зөвшилцөх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээснээс тодорхой харж болохоор.

Албан бичигт “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Үндсэн хуулийн 1.2, 33.5, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3, Дипломат албаны тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Уг асуудлын утга агуулгыг ерөнхийд нь дүгнэвэл Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн ч юм шиг. Харин албан бичиг өргөн барьсан цаад шалтгааныг нь харвал тэр зүгээр улстөржив. Яг л Төрийн тэргүүн болсныхоо дараа С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас эгүүлэн татах албан бичгийг хүргүүлж байсан шиг. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүргүүлсэн албан бичигт хуулийн хүрээнд товч бөгөөд тодорхой хариултыг өгсөн байдаг юм. Улмаар Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн албан бичиг холбогдох хуулийн өмнө бүдэрсэн ч Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр энэ асуудал намжсан.

Харин өнөөдөр АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Б.Дэлгэрмааг эгүүлэн татах албан бичгийг парламентын даргад хүргүүлснээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол төрийн дипломат харилцаанд тогтсон жишгийг үгүйсгэчихлээ. Угтаа бол 2015 оны арванхоёрдугаар сард болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг 82.9 хувийн саналаар эгүүлэн татаж, түүний оронд Б.Дэлгэрмааг томилохыг 92.3 хувиар дэмжсэн байдаг.

Он цагийн хэлхээсээр шүүж үзвэл Элчин сайд Б.Дэлгэрмаагийн бүрэн эрх энэ онд дуусгавар болж байгаа юм. Энэ дагуу тэрбээр төрлөх намынхаа үйл ажиллагаанд оролцож, АН-ын дэд даргаар сонгогдсон болов уу. Нэг үгээр Б.Дэлгэрмаа ажлаа хүлээлгэн өгөх, орных нь хүнийг томилох эсэх нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хуулиар олгосон бүрэн эрх нь байсан хэрэг.

Тийм атал холбогдох хуулийг зөрчсөн хэмээн албан бичиг илгээж, эгүүлэн татах саналаа хүргүүлсэн нь нэг талаараа Ерөнхийлөгчийг дипломат ёсондоо суралцаагүй, нөгөө талаар Тамгын газрынхан нь хэтэрхий улстөржсөн үйл ажиллагаа явуулж буйг харуулав. Эх сурвалжийн хэлж буйгаар хугацаа нь дууссан ч, эгүүлэн татах саналтай Б.Дэлгэрмаагийн оронд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг томилуулахаар тохиролцсон бололтой. Х.Наранхүү нь 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн.

Үүнээс гадна Монголоос БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж С.Энхбаярыг томилуулах санал Засгийн газрын төвшинд ярьж эхэлжээ. С.Энхбаяр нь Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.

Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлох нөлөөтэй оролцсон Сү.Батболдын фракцад төлөх өр нь С.Энхбаярыг Элчин сайдаар томилуулах асуудал бололтой. Ийм л нэгэн тохироо Төрийн ордонд өнгөрсөн өдрүүдэд өрнөж эхлээд байна. Асуудлын гол нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг төлөөлөх Тамгын газрынхан тэр дундаа З.Энхболд дарга дипломат ёс гэхээсээ эрх ашгийг тохироонд Элчин сайдуудын томилгоог хийх болсон нь хачирхалтай.

 

Г.Сонор

24tsag.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14116