Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайдаас төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгсөн үүргийн дагуу энэ оны 04 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн ахалсан  ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт ажиллаа.

Ажлын хэсэг дээрх сумдын нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч, иргэдийн төлөөлөл, цагдаагийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулжээ.

Мөн тус сумын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Сумын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нартай санал солилцжээ.

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр “Ухаа худаг”-ийн уурхайгаас “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэлх 239 км зам, “Цагаан хад” суурьшлын бүсэд 7400 гаруй иргэн албан ёсны бүртгэлтэй оршин суудаг боловч дамжин өнгөрөх, түр оршин суух байдлаар 20 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг байна.

Тус сумд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, 167 аж ахуйн нэгжийн 12600 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, зам дээр  удаан хугацааны урт дараалал үүсдэгээс шалтгаалан замгүй хэсгээр зорчиж байгаль орчинд эрсдэл учруулж, тоосжилт үүсгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Цагаанхад суурьшлын бүсэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах ажлыг эрчимжүүлэх, аймаг, сумын Иргэдийн хурал, Засаг даргаас тус суурьшлийн бүсийн  дахин төлөвлөлтийг хийж, тоосжилтыг бууруулж, иргэдийн аюулгүй амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус суурьшлын бүсэд 2017 оноос 30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй гэрээт цагдаагийн тасаг байгуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр “Цагаан хад” суурьшлийн бүсийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Өмнөговь аймаг дах цагдаагийн газар, Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэс, Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн алба хаагчдыг тодорхой хугацаанд хуваарийн дагуу хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14141