ДХИС-ийн төгсөлтийн баяр, дэслэгч цол олгох ёслолын ажиллагаа боллоо

Дотоод хэргийн их сургуулийн төгсөлтийн баяр, дэслэгч цол олгох ёслолын ажиллагаа боллоо

Дотоод хэргийн их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд төгсөгчдийг цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цол олгох ёслолын ажиллагаа 2019-06-14 ний өдөр боллоо.

Төгсөгчдөд цол гардуулах ёслолын ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Соён гэгээрүүлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа З.Жаргалсайхан, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч Ж.Цолмон, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булган, Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ШШҮХ-ийн тэргүүн дэд захирал, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбат, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Азжаргал болон  сонсогч, суралцагч, эцэг эхчүүд, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Энэ үеэр ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав төгсөгчдөд баяр хүргэн:

“Эрдмийн их өргөөний алтан босгыг алхан  орж,  үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн  жагсаж, номын ширээнд тохой залган сууж, аюулгүй байдлын эрдэм ухаанд шимтэн суралцсан эрхэм төгсөгч Та бүхэндээ оюутан цагийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, сургуулиа амжилттай төгссөнд Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөл, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хангах, авран  хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах ажлын эрдэм ухаанд суралцахад цэл залуу нас, бие сэтгэл, сонсогч ахуй үеэ зориулсан эрхэм шавь та бүхэн өнөөдөр эрдэм мэдлэгийн эзэн, эх орны хүү, охин  болон төлөвшиж, төрийн тусгай албанд хүчин зүтгэх хүсэл тэмүүлэл дүүрэн байгааг харахад нэн бахархалтай байна. Манай сургуулийг төгсөгч та бүхнээс спортын тэмцээн уралдаанаас тив дэлхий, улсын аваргууд, сурлага хөдөлмөр, судалгааны ажлаараа олон улсад шилдгээр шалгарсан олон арван залуучууд төрөн гарч эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь бид бүхний бахархал бөгөөд эдгээр залуусдаа болон  өнөөдрийн онц төгсөгч, магистр, докторын эрхийн бичгээр шагнуулсан шилдэг төгсөгч нартаа нийт хамт олныхоо өмнөөс дахин баяр хүргэе.

Төгсөгч та бүхэн ажил албандаа олон жил, үр бүтээлтэй зүтгэн эрүүл мэнддээ анхаарч, хувийн зохион байгуулалт сайтай байхын сацуу хамт олон, хамтран зүтгэгч нартаа түшигтэй, нөмөр нөөлөгтэй байгаарай. Их сургуулийн танхимд олж авсан мэдлэг, мэргэжлийн ур чадвар, үнэт зүйл, зөв хандлага нь төгсөгч таны төрийн хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, үр дүнтэй ажиллахад тань үнэлж баршгүй хувь нэмрээ оруулах болно. 85 жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургуулийн нэрийн хуудас, амжилтын түүчээ болж явах учиртайг гүнээ ухамсарлаж, төрөлх их сургуулийнхаа алдар хүнд, төгсөгчдийн нэр төрийг өндөрт өргөж явна гэдэгт  итгэл төгс байна. Дотоод хэргийн их сургуулийн үнэт зүйл болсон эрхэм төгсөгчиддөө үндэсний аюулгүй байдал, ард түмний амгалан тайвныг сахин хамгаалах үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гж хэллээ.

Энэ хичээлийн жилд тус их сургуулийн Цагдаагийн сургуулийг 303, шинжлэн магадлахуйн институтыг 37, Хилийн сургуулийг 108, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг 80, Онцгой байдлын сургуулийг 70 сонсогч төгсөж, дэслэгч цолоо гардан авлаа. Төгсөгчид улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын албанд томилогдон ажиллах юм. Ийнхүү төрийн тусгай албаны эгнээнд элсэн орж буй залуу офицерууд алтан мөрдэсээ гялалзуулан эх орныхоо дөрвөн зүг найман зовхист томилогдон ажиллахад бэлэн болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
14957