Өнөөдөр буюу 01-р сарын 27-ны өдөр Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Их засаг Олон улсын их сургуульд хүрэлцэн ирж тус сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга Ц.Анхбаяр, Их засаг их сургуулийн захирал Д. Ням-Осор тэргүүтэй албаны хүмүүс оролцож, Их засаг Олон улсын их сургуулийн оюутнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцахын зэрэгцээ тус сургуулийн инновацийн төвийн үйл ажиллагаатай танилцав.
Уг санамж бичигт Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн их дээд сургуулиудад цэргийн эрдмийн тэнхим байгуулж, цэрэг эх оронч хүмүүжил олгох тухай зарлигийн хүрээнд Батлан хамгаалах яам, Их засаг Олон улсын их сургууль хамтран цэргийн эрдмийн тэнхим байгуулах тухай дурьдсан байна.
Цэргийн тэнхим байгуулж, оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг олгосноор оюутнуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх улмаар оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж, цэргийн алба хаах өргөн боломж нээгдэж байна.
Их засаг Олон улсын их сургууль цэргийн эрдмийн тэнхимтэй болж, нийт эрэгтэй оюутнууддаа цэргийн анхан шатны боловсролыг тусгай хөтөлбөрийн хүрээнд олгох юм. Батлан хамгаалах яамны зүгээс техник хэрэгсэл, үзүүлэн материал, хүний нөөцийн чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ уг арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн юм.