З.ЭНХБОЛД: ХЭН Ч ЯЛСАН ЦААШ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ


З.Энхболд: Хэн ч ялсан цааш хамтарч ажиллах ёстой Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр /2017.01.27/ албан ёсоор дууслаа. Намын даргын сонгуульд ням гаригт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр болно. Өнөөдөр болсон нэр дэвшигчдийн

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД

-“Намын дотоод асуудлуудаа нуухгүйгээр ил тодоор нийт гишүүддээ сарын турш ярилцсан таван нэр дэвшигчдээ баяр хүргэе. Намын шинэчлэл энэ сарын 29-ний сонгуулиар дуусахгүй. Намын дүрмээ нийт гишүүдээрээ хэлэлцүүлж шинэчилнэ. Ирээдүйн АН-ын лидер, ирээдүйн Ерөнхий сайдыг 228-хан хүн биш нийт гишүүдээрээ сонгохоор болсон нь том дэвшил. ҮЗХ-ны 228 хүнээс сонгогдсон намын дарга надаар дуусч байна. Нийт 180 мянган гишүүндээ тайлангаа тавьдаг, тэднээсээ сонгогддог дарга, хариуцлагатай АН Монгол Улсыг өөрчилж чадна. Хэн нь ч намын дарга болсон бай түүнийгээ дэмжиж ажиллах ёстой. Хэрүүл байдаг бол дотроо шийд, битгий гадагшаа гаргацгаа. Манай таван нэр дэвшигч үе үе дуу нь чангарсныг эс тооцвол Их хурлаас тогтоосон хэм хэмжээнийхээ дагуу ажиллаад ирлээ. Би үнэндээ таван тийшээ бутраад явчих вий гэж айж байсан. Хэн нь ч ялсан түүндээ баяр хүргэж цаашдаа хамтарч ажиллах амлалтыг заавал өгөх ёстой шүү.   


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-АН-ын даргын сунгаа 21 аймаг, есөн дүүрэгт болж намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ таван нэр дэвшигч мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцууллаа. Батзандантайгаа хамт Монгол орноо тойрсон дөрвөн нөхөртөө сайн сайхныг хүсье. Бид эвтэй найрамдалтай яваад Монголоо тойроод ирлээ. АН-ыг шинэчилнэ гэдэг бол Монголоо шинэчилнэ гэсэн үг. АН-ыг аварна гэдэг бол Монголоо аврахын эхлэл гэж ойлгодог. Намын маань 180 мянган гишүүн, уулзсан 20 мянган журмын нөхөд минь бидэнд олон зүйлийг захисан. “Энэ намын эв нэгдлийг хангаарай. Намынхаа дотоод эв нэгдлийн төлөө та тав зүтгээрэй” гэж захисан. Хоёрдугаарт, намын журмын нөхөд маань бидэнд хандаж нэг зүйлийг хэлсэн. “Намаа нээлттэй болгоорой. Намаа дарга нарын нам биш, гишүүдийн нам болгоорой. Фракцын нам биш олон нийтийн нам болгоорой” гэж бидэнд хэлсэн. Үүний төлөө Батзандан чинь та бүхэнтэйгээ зүтгэх болно. Намын маань 180 мянган гишүүн уулзах болгондоо бидэнд бас нэг зүйлийг захисан. Энэ бол “Монголын төр олигархиудын төр боллоо, бүлэглэлийн гарт орлоо. Монголын төрийг олигархиудаас, бүлэглэлээс, оффшорчдоос салгаж өгөөрэй” гэсэн захиас байлаа. Үүний төлөө Батзандан чадах бүхнээ хийх болно. Батзандан чинь АН-ын дарга болсон тохиолдолд Монгол төрөө бүлэглэлийн савар, мафийн шинжтэй оффшорчдын гараас салгах болно. Гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж явахад тэдний санаа бодлыг зовоосон нэг асуудал байсан. АН бол Монголын төрийн тулгын чулууны нэг. Энэ намыг бид өөрчлөн шинэчилж , нээлттэй, хариуцлагатай  нам болгож байж бид Монголдоо тусалж чадна.


ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ:

-АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж Монголын нийгэмд бас нэгэн шинэ соёлын үрийг тарьлаа. АН-ын дарга бүх гишүүдээсээ сонгогдох түүхэн шийдвэрийг гаргасан ардчилагчиддаа баярлалаа. Нэгдүгээр сарын 29 бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шудрага ёсоор цангасан, хор хуйвалдааныг жигшсэн, тэгш боломжгүйдээ бухимдсан ард түмний маань ялалтын эхний өдөр байх ёстой. Монголчууд бид, ардчилагчид бид хүсэл зорилгоо нэгтгэж, итгэл найдвараа сэргээж, зүрх зоригоо хөвчлөн улс орноо, ардчиллаа хамгаалан үлдэж, шудрага ёс тэгш боломжийг тэмцэн авчрах өдөр болох ёстой. Монгол Улсын маань тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, нийт ард түмний маань баялаг хэдхээн гэр бүлд хулгайлагдаж, тэмцэж зүтгэж олж авсан ардчилалын үнэт зүйлс хэдхээн хүний шуналын золиос, эрх мэдлийн донд бөхийх ёсгүй ээ. Цаг хугацааны хатуу шүүлтэнд тэдний үнэн нүүр царай, бодит дүр төрх улам бүр тодрон илчлэгдэж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:

-Бид Монгол орныхоо өнцөг булан бүрт хамт очиж АН-ын шинэчлэл, сэргэлтийн төлөө гарын таван хуруу шиг явлаа. Энэ нам шинэ үеийнхээ гараан дээр зогсч байна. Ингэхдээ өмнө нь хийсэн алдаа, оноон дээрээ дүгнэлт хийж байна. Манай намын мянга мянган гишүүд энэ нам сэргээсэн гэсэн итгэл найдвар дээр зогсч байна. Бусад дөрвөн нэр дэвшигчтэйгээ энэ намын таван өнгө болж улс орноо тойрч ялагдсан байсан АН-аа сэргээж гишүүдийнхээ урам зоригийг нэмлээ. Гэхдээ биднийг нэг л зүйл зовоож байна. Энэ бол бидний үл эвлэлдэх байдал. Үл итгэлцэл өнөөдрийг хүртэл бидний сэтгэлийг зовоож байгааг бид ний нуугүй гишүүддээ хэлсэн. АН шинэчлэгдэе гэвэл эхлээд эвлэлдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол АН шинэчлэгдэхгүй гэдгийг би газар бүрт сануулсан. АН гэдэг амьд организмын бүх эд эс зэрэг ажиллаж байж цаашдаа “амьдарна”. Ардчилсан төрийн зүрх нь АН гэж би итгэдэг. Бүх гишүүдээсээ намын даргаа сонгох шийдвэр бол түүхэн шийдвэр байсан. “Монгол хүн-2020” хөтөлбөр АН-ын үнэт зүйл яах аргагүй мөн. Бид нэг удаагийн ялагдлаар үүнийгээ үгүйсгэж болохгүй. Үүнийг бид хамтдаа бүтээж чадсан. 16 жилийн дараа бид ялалт авч ирж чадсан. 14 жилийн дараа бид Ерөнхийлөгчийн ялалтыг авч ирсэн. Үүнийг хамтдаа хийсэн журмын нөхөд Алтанхуяг даргадаа талархал илэрхийлье. Бид одоо ард түний итгэлийг хүлээсэн тууштай, тулхтай нам болох ёстой. “АН-д ноён нуруу дутаж байна шүү” гэж манай гишүүд хэлж байгаа. Энэ сонгууль шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Бие биенээ давах гэсэн, талцах гэсэн зүйл рүү явах юм бол АН-ын ирээдүй бүрхэг болно.


УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Л.ГАНТӨМӨР:

-Бид тав АН-аа эргэн сэргээхийн төлөө 21 аймаг, есөн дүүргээрээ явж олон мянган гишүүдтэйгээ уулзаж ярилцлаа. Бид тавын зорилго нэг. Бид АН-ыг шинэчилж эргэн сэргээийг хүсч байгаа. Монголын нийгэм, хэвлэл мэдээлэл ямар байгаа билээ гэдгийг ойлгож байна. Биднийг сөргөлдүүлэх, хагаралдуулах гэсэн бодлого олон хоног явлаа. Бид хойшоо харж тооцоо бодохоос илүү урагшаа харж шинэ зүйлсийн төлөө явна. Яагаад гэхээр, гишүүд биднийг маш их загнасан. Энэ нь бидэнд илүү их ухаарал өгсөн. Гишүүдийнхээ даалгаврыг биелүүлэхийн төлөө бид хичээж ажиллах учиртай. Гишүүд бидэнд эв нэгдлийг захисан. Энэ бол манай гишүүдийн бидэнд өгсөн маш том гэрийн даалгавар. Мөн АН-ыг нээлттэй болгохыг бидэнд даалгасан. Гишүүн бүрийнхээ эрхийн төлөө зогсч чаддаг АН-ыг биднээс хүлээж байна. Үүний төлөө олон түмний сонголт мэргэн байх болно гэдэгт итгэлтэй байна. 


УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Бид тав бол өрсөлдөгчид биш. Бид бол АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгчид. Таван өөр өнгө, үзэл, арга барилаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Гишүүд маань авч, гээхийн ухаанаар хандах олон асуулт, саналыг бидэнд хэлсэн. Энэ нам нээлттэй, бүх шатны сонгууль, томилгоог нь нийт гишүүдийнхээ сэтгэлд нийцсэн байх ёстой. АН-ын дарга болбол эхний өдрөөсөө эхлээд үүний төлөө ажиллана. АН-ын аливаа шийдвэр гишүүдийнхээ санаа бодол дээр тулгуурлаж гардаг байх хэрэгтэй. Таван өөр үзэл бодол дээр нэгдсэн нам маань таван фракц болж хуваагдсан. Улмаар намын дотоод эрх мэдлийн төлөө тэмцэл болж хувирсан. Нэгдүгээр сарын 29 бол фракцгүй АН-ыг байгуулах, жинхэнэ лидерийг сонгох өдөр байх болно.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
155

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Report.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.