УНТЭ-ийн “Элэгний эмгэг-урхаг хүндрэл, оношилгоо эмчилгээний менежмент-2017” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Report.mn

Өнөөдөр УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв 3 дахь жилдээ “Элэгний эмгэг-урхаг хүндрэл, оношилгоо эмчилгээний менежмент-2017” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн ажиллагаанд УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, УНТЭ-ийн ГЭТ-ийн дарга, АУ-ын доктор О.Баярмаа болон 21 аймаг, нийслэл, дүүрэг, өрхийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь Элэгний эмгэг өвчин юм. МУ-ын ЗГ-аас “Эрүүл Монгол хүн”, “Элэг бүтэн Монгол” зэрэг хөтөлбөрүүдийг өрнүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, ЭМС-ын 2016 оны А/249 тоот тушаалаар элгийг гэмтээгч В, С, Д вирусийн оношлогоо, эмчилгээний заавар батлагдан гарч, иргэд эмчилгээ оношлогоог хийлгэх боломж бүрдэн, эмчилгээний үр дүн өнөөдөр өндөр байгаа нь харагдаж байна. Гэсэн хэдий ч вирусийн ба вирусийн бус шалтгаант элэгний эмгэгийн хүндрэл болох элэгний цирроз, хавдрын өвчлөл, нас баралт өндөр хэвээр, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох шаардлага үргэлжилсээр байгааг албаны хүмүүс хэлж байна.

Өнөөдрийн сургалттай холбоотой тодруулга:

УНТЭ-ГЭТ-ийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа:

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв зөвхөн хот, хөдөөгийн хүн амд гурав дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлээд зогсохгүй эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалт явуулдаг судалгаа шинжилгээний томоохон төв юм. УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв буюу Хоол боловсруулах эрхтэн судлалын төв “Элэгний эмгэг –урхаг хүндрэл, оношлогоо эмчилгээний менежмент” сэдэвт сургалтыг бүх шатлалын эмч мэргэжилтнүүдийн дунд 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай анхны сургалт 2015 онд УНТӨ байгуулагдсаны 90 жилийн ойгоор зохион байгуулагдаж байсан. 2016 оны 3 сард зүүн бүсийн аймгуудад Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулсан. Уг сургалтаар бүх шатлалтын эмч мэргэжилтнүүд буюу дотор, өрхийн анагаах ухаан, ерөнхий мэргэжил, гастроэнтерологи, гепатологи, хавдар, дуран гэх мэт мэргэжлийн эмч нарыг зонхилон тохиолдох элэгний эмгэг болох цириод, вирусын шалтгаант элэгний эмгэг, вирусын бус шалтгаант элэгний эмгэгийг оношилж эмчлэхэд мэдлэг нэмэх зорилготой юм. Энэ жилийн сургалтын онцлог нь бүх шатлалын эмч нар тэр дундаа хөдөө орон нутгийн эмч нар өргөнөөр хамрагдаж байгаа.

Өнөөдрийн сургалтанд элэгний циррозын тухай мэдээллийг хүмүүст хүргэхийг зорилоо. Элэгний цирроз буюу элэгний хатуурал нь В, С вирус, архи, эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэн элэгний циррозийн эмгэг тусдаг. Энэ эмгэг нь элэгний өвчлөлийн хамгийн сүүлийн шатлал буюу хамгийн хүнд шатандаа орсон гэсэн үг.

Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Дагвадорж

Энэ сургалтанд жил бүр хамрагдаж байна. Миний бие анх Хоол боловсруулах судлаач эмч нарын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. МУ-ын хэмжээнд хоол боловсруулах эрхтэн судлаач эмч нарын мэдлэг, ур чадвар дээшилж, нэгдсэн нэг баг болж ажиллаж чадаж байна. Гол төв эмнэлгүүдийн зүгээс мэргэжлийн дагуу сургалтыг уламжлал болгон системтэй зохион байгуулдаг болж байна. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн үйл ажиллагаа юм. Мөн 6 сард “Гастроэнтерологийн 7 хоног” нэрийн дор Хоол боловсруулах тогтолцооны эмгэгийг хэрхэн илрүүлэх, хэрхэн сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх сургалт зохион байгуулагдана.  Уг үйл ажиллагааг зохион байгуулахдаа жилээс жилд шинэ санаа дэвшүүлж, илүү олон хүнийг хамруулж байгаа нь сайшаалтай. Өнөөдөр зөвхөн элэгний эмгэгийн талаар гэж байгаа боловч, өөрсдийн тулгамдсан асуудлыг нэгтгэн ЭМЯ болон холбогдох хүмүүст хүргүүлэхийг хүсч байна. Цаашлаад улсын хэмжээнд элэгний вирустай хүмүүсийн тоог үнэн зөв гаргах нь чухал. Тиймээс энэ сургалт чухал ач холбогдолтой байдаг. Энэ сургалтын төгсгөлд гарын авлага гаргадаг. Уг гарын авлага нь эмч нарт мэргэжлээ дээшлүүлэхэд бодитой зүйл болж өгдөг. Мөн дараагийн сургалтанд өрхийн эмч нарыг түлхүү хамруулах хэрэгтэй.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1554