40.000 монгол иргэдийн хувийн мэдээлэл Хятадын гэмт бүлэглэлийн гарт орсон гэв үү

Cdc зурган илэрцүүд

Манай иргэдийн дунд элдэв янзын сүлжээнд итгэх итгэл нэлээд өндөр байдаг. Учир нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зальт этгээдүүдийн санаархал, наад нарийн учрыг нь мэдэхгүйгээр сүлжээнд элсэж, эцэстээ залилан, луйварын золиос болж хохирох явдал цөөнгүй гардаг. Сүүлийн үед олны анхаарлыг татсан Chinese digital currency буюу цахим мөнгөний гүйлгээний “CDC” төслийн талаар мэдээлэл гарах болсон. Энэ нь мөн л нэг төрлийн л луйварын хэрэг байж болзошгүй ажээ.

“CDC” төслийн Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцсан захирал нь БНХАУ-ын иргэн Одонхуар гэгч Монгол иргэдийн мэдээллийг төсөл хэрэгжүүлэх нэрээр татан авч хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байж магадгүй гэх мэдээлэл байна.

Тэрээр 2018 оны 7 дугаар сараас эхлэн хятадын “Tencent” компанийн хөгжүүлсэн “Wechat” апликэйшнийг ашиглан манай улсын 20,000 хүнийг бүртгэснээр төсөл хэрэгжиж эхлэх болно хэмээн мэдэгдэж байсан ба одоогийн байдлаар бүртгүүлсэн иргэдийн тоо 40,000 /үүнээс их байж болзошгүй/ даваад байгаа боловч төсөл нь хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Төслийн бүртгэлийн үр дүнд “WeChat”-д 200 гаруй групп үүссэн бөгөөд эдгээр иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг аймгуудад оршин суудаг иргэд гэнэ.

БНХАУ-ын иргэн Одонхуар нь төслийн бүртгэлийн явцад бүсийн захирлуудаар өмнө нь олон нийттэй харилцдаг ажил эрхэлж байсан төрийн албан хаагчид болон сүлжээний бизнес эрхлэгчдийг сонгосон нь гишүүнчлэлийн тоо хурдацтай өсөхөд нөлөөлжээ. “CDC” төсөл нь 2018 оны 10 дугаар сард манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй хэвээр байна. Энэ нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, эргээд тухайн иргэдэд хувийн мэдээллээ бусдад алдаж, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болох нөхцөл бүрдсэн гэх хардлагыг төрүүлж байна. Төслийн бүртгэл нэрээр олон мянган монгол иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж хятадын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд дамжуулсан байж болзошгүй гэх хардлага үүсэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн хувийн мэдээллийг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн эсрэг хийж буй хууль бус үйлдэлдээ ашиглах магадлалтай гэж албаны хүмүүс хэлж байна. Энэхүү асуудлаас болоод 40.000 Монгол иргэд БНХАУ-д зорчих үедээ зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгаа юм. “CDC” төсөлд итгэж, хятад иргэдэд залилуулж хувийн мэдээллээ алдсан нь мөн л манай иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс, бусдад амархан итгэдэг, регистр болон хувийн нууц мэдээллээ бусдад хүссэн даруйд нь өгчихдөг нь бусдын хууль бус үйлдлийн золиос болох нөхцлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: UGLUU.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
15680