
"Twitter" бизнес эрхлэгчдэд зориулсан төлбөрт хэрэглэгчийн сонголтыг нэмж магадгүй гэж мэдэгдлээ. Хэрвээ тус сонголтыг нэмсэн тохиолдолд төлбөрт хэрэглэгчид "Twitter"-ийн нэгэн зэрэг илүү олон төрлийн үйлдэл хийх боломжтой "Tweetdeck" хувилбарт нэвтрэх эрхтэй болох юм.
Харин тус компани ердийн хэрэглэгчдэд ямар нэмэлт үйлчилгээ хүргэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Хэдий тийм боловч хэрэглэгчид “Snapchat” зэрэг бусад нийгмийн сүлжээг хэрэглэх явдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед төлбөрт хэрэглэгчийн сонголтыг санал болгосноор "Twitter"-т орлогын шинэ урсгал бий болно гэж тус компани үзэж байгаа юм. Үүнээс гадна "Twitter" хэрэглэгчдийнхээ тодорхой хэсэгт санал хүсэлт болон бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтын шийдвэрийг сайжруулах талаар судалгаа явуулжээ. Үүний дүнд "Tweetdeck"-ийг бизнесийн салбарынханд илүү үнэ цэнэтэй болгох арга замуудыг хайж байгаа талаар мэдэгдсэн байна.






































