Л.ГАНЧИМЭГ: “МЭДЛЭЭ, ГҮЙЦЭТГЭЕ” ГЭЖ ХЭЛЭЭД ДУУДСАН ГАЗАРТ, ХЭЛСЭН ЦАГТ НЬ БЭЛЭН БАЙХ ИЙМ Л ҮҮРЭГТЭЙ
Зочин:
Л.ГАНЧИМЭГ
Байгууллага:
ЗХЖШ
Албан тушаал:
ХУРАНДАА
Ажиллах арга барил:
ЦАГ БАРИМТАЛДАГ, ҮНЭНЧ, ШУДАРГА


03 сарын 17, 2017

Үзсэн: 4627

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэгтэй "Монгол цэргийн баяр"-ын өдрөөр ийнхүү ярилцлаа.

Юуны түрүүнд танд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэеЭмэгтэй хүн Батлан хамгаалахын салбарт ажиллах амаргүй гэж боддог.

Баярлалаа. Би цэргийн гэр бүлд төрж өссөн. Миний аавыг Галхүүгийн Лхагвасүрэн гэдэг.  Бэлтгэл хурандаа цолтой. Аав минь АУДС-ийг төгсөөд Ленинград хотод Хүн эмнэлгийн академийг Цэргийн эмчийн удирдлагын чиглэлээр төгссөн цэргийн эмч хүн байдаг. Ингэхээр би чинь үе дамжсан цэргийн эмч./инээв/  Би мэргэжлээрээ, салбараараа маш их бахархдаг. 1996 онд АУИС-ийг эмч мэргэжлээр төгсөөд үүнээс яг жилийн дараа офицер орон тоон дээр ажиллаж байгаад 45 хоногийн Цэргийн эмч бэлтгэх дамжааг төгсөж цэргийн эмч болсон.

Цэргийн эмч жирийн эмчээс юугаараа ялгардаг вэ?

-Эмч, цэргийн эмч хоёрын хооронд ялгаа их бий. Цэргийн эмч бид тушаал өгсөн цагт ямар ч тохиолдолд бэлэн байх үүрэгтэй. Анх цэргийн албыг хашиж чадах болов уу гэж боддог байсан. Хөдөө орон нутгийн цэргийн анги салбарт томилогдвол гэр бүл, үр хүүхдээ бүгдийг нь авч явах хэрэг гарна даа ч гэж бодож байлаа /инээв/. Тэгээд аавынхаа урмын үгээр эрчлэгдэн ажилд орох өргөдлөө бичиж өгөөд сонгон шалгаруулалтад тэнцэн Цэргийн төв госпиталд ажилд орж байлаа. Цэргийн эмч нь  сэтгэл зүй, бие бялдар болон бусад бүхий л талаараа байнгын бэлэн байдалд байхыг шаарддаг.

 

Өвлийн хүйтэн, зуны халуун гэхгүйгээр тушаал авсан тул  яг цагтаа хаана ч хэдийд ч бэлэн байх үүрэгтэй хүмүүс шүү дээ бид.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээс зохион байгуулдаг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын нэрэмжит, ангийн  захирагчийн нэрэмжит шалгалтуудаар цэргийн мэргэжлийн болон онолын шалгалт биеийн тамирын шалгалтуудыг өгдөг. Үүнээс гадна баяр ёслолын үеэр нэгдэн жагсах, өвлийн хүйтэн, зуны халуун гэхгүйгээр тушаал авсан тул  яг цагтаа хаана ч хэдийд ч бэлэн байх үүрэгтэй хүмүүс шүү дээ бид.

 

Энэ их ажлын хажуугаар ар гэрийнхээ амьдралыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Энэ их ажил үүргийг гүйцэтгэхийн хажуугаар гэр бүлээ амар тайван байлгана гэдэг бол бас л том ажил. Хүүхдээ өсгөх, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд олон ажил бий. Хэрвээ энгийн хүмүүс байсан бол өнөөдөр хүүхэд өвчтэй би чөлөө авъя гэж хэлж болно. Гэтэл бид нар бол ямар ч үед юу ч тохиолдсон  байсан хойш сууж үлдэх боломжгүй байдаг. Мэдлээ, Гүйцэтгэе гэж хэлээд дуудсан газарт нь, хэлсэн цагт нь бэлэн байж байх ёстой ийм л үүрэгтэй улсууд. Энэ ажлын хажуугаар аль болох сайн ээж байх, сайн ажилтан байх, сайн хань, аав ээжийн сайн охин байхыг хичээж л явна даа. Миний хань бас энэ их үүргийг хамтдаа үүрэлцээд л явж байна. 

Саяхан болсон мартын 8-ны баяраар таны ээж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, ЦДБЭЧ –аас  зохион байгуулагдсан “Хатан ижий” өргөмжлөлийг хүртсэн гэж сонссон. Энэ талаар сонирхуулвал.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, ЦДБЭЧ –аас сүүлийн таван жилийн турш хүчний байгууллагын албан хаагчдын эжий нарын дундаас “Хатан ижий” нарыг өргөмжилж байна. Энэ жил миний ээж тус өргөмжлөлийг хүртсэн. Хань нь бэлтгэл хурандаа, охин нь хурандаа, хүргэн нь мөн цагдаагийн хурандаа гэсэн үзүүлэлтээр ээж маань шалгарсан юм л даа. Ээж гэдэг бол хань, үр хүүхдийнхээ ар тал, өмөг түшиг нь болж явдаг хүмүүс. Эмэгтэй хүн чинь эх дэлхийн урлаач. Ийм сайхан бат бөх гэр бүлийг бий болгон , олон сайхан хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлсэн ээжээрээ би маш их бахархдаг юм. Ээж минь энэ сайхан өргөмжлөл авсанд үр хүүхэд нь бид их баяртай байгаа. 

Та хэзээ хурандаа хэмээх эрхэм цолыг хүртсэн бэ? Эмнэлгийн анхны эмэгтэй эмч хурандаа шүү дээ.

 -2016 оны 7 сард төрийн далбааны өдөр буюу наадмын өмнөхөн энэ эрхэм дээд цэргийн  цолыг хүртсэн. Зэвсэгт хүчинд 20 гаруй цэргийн эмч хурандаа бий. Харин би эмэгтэй анхны хурандаа болсондоо их баяртай байдаг.

Цэргийн эмч болоод холын ангид томилогдон ажиллаж байсан үеэ дурсвал.

2006 онд Зүүнбаянд тухайн үед Энхийг дэмжих ажиллагаанд явсан эмч оронд түр томилогдон ажиллаж байсан үе санаанд орж байна. Тэнд байх үед ангийн захирагч руу ороод би томилолтоор хотоос ирсэн эмч байна гэж илтгэж “Томилолтын хугацаандаа дорвитой ажил хиймээр байна, та надад нэг ажил даалгаач” гэж хүссэн. Ангийн захирагч болох н.Даваа хурандаа “Ямар зоригтой эмч вэ. Тэгвэл энэ цэргийн ангийн эмнэлэгт засвар хийх төсвийн тооцоо гаргаад, аймгийн захиргаагаар шийдүүлчих” гэсэн. Ингээд 6 зургаан сая төгрөгний тооцоо гарч, тухайн үеийн Дорноговь аймгийн засаг дарга, одоогийн БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь дарга дээр албан бичгээ барьж орсон. Мөн л “Би Улаанбаатар хотоос томилолтоор ирсэн эмч байна, ангийн захирагчаас засвар хийх даалгавар авлаа. Төсвийн асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэхэд тус саналыг маань маш таатайгаар хүлээн авч төсвийг шийдсэнээр бид ангийн засвараа хийж байлаа.

Би энэ газар ажилласандаа их баярладаг. Зүүнбаянд очоод гурван ч удаа могойтой тааралдсан нутгийн хүмүүс хэр бараг могой харагдсан гэж ярьдаггүй. Харин би гурван ч удаа харсан болохоор их бэлэгшээдэг.  

Таны хань бас хурандаа цолтой хүн байдаг. Ханийнхаа талаар ярьвал.

Манай нөхрийг Г.Алтансүх гэдэг. Цагдаагийн хурандаа цолтой. 10 жилдээ бид хоёр параллель ангид сурдаг байлаа. Миний хань өөрөө ажлын их ачаалалтай байж, миний энэ их ажлыг ачааллыг хамт үүрэлцэж, намайг их ойлгодог, Монголчуудын хэлдгээр гүндүйшзй сайхан эр байдаг. Ханьдаа маш их баярлаж явдаг. Ханиас минь гадна бид хоёрын ар талыг  аав ээж хоёр маань хариуцдаг. Ардаа санаа зовох асуудалгүй бол бид чинь ажлаа сайн хийнэ шүү дээ. 

Танай гэр бүлийн хувьд цэргийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Бүгд л хүчний албаны хүмүүс болохоор бусад гэр бүлээс өргөн тэмдэглэдэг байх.

Гэр бүлийн хүрээнд бол цомхон тэмдэглэдэг. Гэр бүлийнхэнтэйгээ хоолонд ордог. Харин албан газрынхаа хүрээнд тодорхой хэмжээгээр баярлалгүй яахав. Гэхдээ зохион байгуулалттай ажлууд маш их болдог тул арга хэмжээндээ л их цаг зарцуулна даа.

Цэргийн баяраар авч байсан хамгийн гоё бэлэг юу байсан бэ? Цэргийн хүн болохоор сонирхолтой бэлгүүд их ирдэг байх.

-Бид бусад гэр бүлийн адил баяраа тэмдэглэдэг. Заримдаа цэргийн баяраар би ч бас баярлах ёстой шүү дээ гээд ачааллаа хуваалцах гэж оролддог. /инээв/ Сая хурандаа цолны цайллагыг хийхэд гоё гоё бэлгүүд авч их баярласан. Цэргийн баяраар бол тэр бүр бэлэг авдаггүй. Харин Мартын 8-нд бол ханиасаа аав, ээжээсээ бэлэг авдаг.  Эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, эмч нарын баяр, эх үрсийн баяр гээд бүгд л миний баяр шүү дээ. Харин аавуудын баяр, цэргийн баяраар аавыгаа, ханийгаа сэтгэлээрээ баярлуулахыг хичээдэг.

Үүнээс гадна Цэргийн баярын арга хэмжээнд цэргийн алба хаагч эмэгтэй хүний хувьд дуу хоолойгоо хүргэхийг илүүтэй боддог.

Энэ завшааныг ашиглаад Монголын бүх эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

- Таны ч гэсэн баяр шүү дээ. Та сайхан баярлаарай. Их ажлын хажуугаар цаг гарган ярилцсан таньд баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал хүсье. Та сайхан баярлаарай.  


Ярилцсан сэтгүүлч: