ЧУУЛГАН: ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Report.mn image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учрал гишүүнээс Ерөнхий сайдад хүргүүлсэн “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааны тухай асуулгын хариуг сонслоо.

Ерөнхий сайдын хариултыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцуулав.

УИХ 2012 оны тавдугаар сард шинэ мэдлэг, технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялаг бүтээх зорилгоор Инновацийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт хангалтгүй байна. Энэ нь Инновацийн асуудлыг 2008-2010 онд БСШУСЯ, 2010-2010 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, 2012-2014 Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулж нэгдсэн удирдлагын тогтвортой байдлыг алдагдуулснаас үүдэлтэй хэмээн Ерөнхий сайдын хариултад онцолжээ.

Түүнчлэн УИХ 2013, 2015 онд уг хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн заалтыг хассан байна. 2015 онд хийсэн өөрчлөлтөөр Инновацийн сан байгуулах заалтыг хассан нь инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, хөрөнгө оруулалт татах боломжийг хязгаарласан нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлжээ. Тиймээс Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан “Хамтын хөрөнгө оруулалтын сан” байгуулж, инновацийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах нэг боломж нь инноваци юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, аж үйлдвэрийг байгалийн нөөцтэй үр ашигтай хослуулах инновацийн үйлдвэрлэлийг дэмжих, шинэ технологи нутагшуулах, үндэсний технологийг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх гол тулгуур байх ёстой хэмээн Засгийн газрын тэргүүн хариултдаа онцолжээ.

Тэрбээр, “УИХ 2015 онд Үйлдэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хуулиар бүтээгдэхүүнийхээ 30 хувиас илүүг экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн уян хатан бодлогоор туслах, импортыг орлох бүтээгдэхүүний судалгаанд зарцуулсан хөрөнгийг 75 хувьтай тэнцэх дэмжлэгийг төрөөс нэг удаа буцаан олгохоор заасан. Хуулийг хэрэгжүүлэхэд мөн л “Үйлдвэрлэлийг дэмжих сан”-г байгуулах шаардлагатай. 2015 онд уг санг байгуулахаар тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдын багцад 5 тэрбум төгрөг суулгасан ч яамыг татан буулгажээ. 2017 онд УУХҮЯ-наас 105.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг санг байгуулахаар төлөвлөж байна.

Засгийн газрын 374 дүгээр тогтоолоор “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам” баталсан. 20152016 онд нийт 35 компани их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, бүртгэсэн.

Инновацийн тухай хуулиар Шинжлэх ухааны парк байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Гадаад орнуудад Шинжлэх ухааны парк нь шинжлэх ухаан, технологийн нарийн судалгааг хийдэг тул инновацийг хөгжүүлэх гол тулгуур болдог. Тиймээс уг паркыг байгуулахад шаардлагатай хөрөнгийн хэмжээг тогоох шаардлагатай байна. Тус паркийг байгуулснаар нэг талаас үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, нөгөө талаараа гадны технологийг нутагшуулах замаар эдийн засгаа тэлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, инноваци шингэсэн эрүүл, аюулгүй, дэвшилтэт бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэгцээ, шаардлага их байдаг. Худалдан авалт нэмэгдэх тусам эдийн засаг тэлнэ.

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх туршилтын ажлыг жил бүр зохион байгуулж байна. Мөн жил бүр докторын дараах судалгааны ажилд БСШУС-ын сайд тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулж байгаа. Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу докторуудад олгодог. 2010 оноос хойш нийт 66 залуу эрдэмтэдэд тэтгэлэг олгсон. Энэхүү тэтгэлэг нь залуу эрдэмтдийг бэлгэх, шинэ судалгаа, туршилт явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ингэснээр ирээдүйд инновацийг нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээжээ.

Ерөнхий сайдын хариулттай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Бүх салбарын хөгжилд инноваци нэвтрүүлэх бодлого орхигдож байна. Салбар бүрийн дор шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. шинжлэх ухааны хөгжилгүйгээр үйлдвэрлэлийн талаар ярих боломжгүй. Тэгэхээр салбар бүрийн дор байх ёстой асуудлыг нэг яам бодлогоор зангидах нь зөв үү гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд ХХААХҮЯ хариуцах, нүүрс угаах, цэвэрлэх зэргийн судалгааны асуудал зэргийг УУХҮЯ хариуцах зөв” гэлээ.

БСШУС-ын сайдын зүгээс ХААИС-ын дэргэд шинжлэх ухааны дөрвөн хүрээлэн бий. Эдгээр байгууллагуудын хийсэн шинэ нээлтийг газар тариалан, мал аж ахуйн салбарт амжилттай нэвтрүүлсэн туршлага бий. Тиймээс хаана харъяалагдах нь чухал бус аж ахуйн нэгжүүд шинэ нээлтүүдийг хүлээж авч чадаж байна уу гэдэг чухал. Эрдэмтдийн шинэ нээлтийг үйлдвэрүүдтэй холбох ажлыг Шинжлэх ухааны парк хийх ёстой. Тиймээс энэ байгууллагыг нэн даруй байгуулах шаардлагатай байгаа юм” хэмээн хариулав.

Мөн эрдэмтэд судалгаа явуулахад санхүүжилт хомс байдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүмжлэв. Мөн гишүүдийн зүгээс хувиараа эрдэм шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтэдэд урамшуулал олгох бодлого бий юу хэмээн тодруулж байв. Хувийн байгууллагуудын дэргэд байгаа эрдэм шинжилгээний байгууллагууд Шинжлэх ухааны технологийн сангаас зохих хэмжээний дэмжлэг олгодог. Мөн БНХАУ, ОХУ-аас зарлаж байгаа эрдэм шинжилгээний судалгааны ажлуудад оролцох, сургалтад хамрагдах боломжийг олгож байгаа хэмээн БСШУС-ын сайд хэллээ.

Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Н.Учрал, “Инноваци бол зөвхөн БСШУСЯ-ны асуудал биш. Энэ бол бүх салбарын асуудал. Инновацийн тухай хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Би УИХ-д инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан инновацийг хөгжүүлэх чиглэлд анхаарах болно. УИХ болон бусад байгууллагууд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Яам бүрийн төлөөллийг багтаасан инновацийн зөвлөл байгуулах чиглэлд БСШУСЯ анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
164