Д.ОЮУН: “Хүүхдийн нэгдсэн бүртгэл”-д түшиглэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийг хамгаална

АНУ-ын Засгийн газрын Төрийн департаментын алба, Мансууруулах бодис болон хууль сахиулах олон улсын хамтын ажиллагааны газар хамтран “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт бага хурлыг зохион байгуулсан. Тус хуралд оролцсон НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны "Хүүхдийн бүртгэл, хяналтын систем” төсөл нь  шалгарч "Шилдэг эмэгтэй алба хаагч” шагналын эзэн болсон юм. Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргасан түүнтэй бид түүнтэй хэсэг хором ярилцсан юм.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэж байна. Цагдаагийн байгууллагад хэд дахь жилдээ ажиллаж байна. Ямар ямар ажил албуудыг хашиж байв?

-Цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Анх 2007 онд Цагдаагийн академийн Эрх зүйч мэргэжлийн ангийг төгсөөд Монголын Өмгөөлөгчдын холбоонд ажиллаж байсан. Цагдаа болох хүсэлтэй байсан болохоор сонгон шалгаруулалт өгөөд анх 2008 онд Баянгол дүүрэг цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар томилогдож байсан. Дараа нь Баянгол дүүрэг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэв журмын офицероор ажиллаж байгаад 2014 онд ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр хуучин ажиллаж байсан хэлтэстээ ахлах албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2019 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

-Саяхан та 10 орны 200 гаруй алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан "Шилдэг эмэгтэй алба хаагч” шагналыг хүртсэн. Баяр хүргэе. "Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-инхээ талаар бидэнд танилцуулна уу?

-Анх хэлтсийн дарга хурандаа Б.Батзориг даргатайгаа бүртгэлийн системийн талаар ярилцаж байгаад шинээр хүүхдийн бүртгэл хяналтын сан үүсгэж үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр санал гаргасан. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн Судалгаа хяналтын санд өмнө нь “Сургууль завсардсан хүүхэд”-ийн талаарх мэдээллээс өөр мэдээлэлгүй байдаг тул шинээр хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэд, компьютер тоглоомонд донтсон хүүхэд, эцэг, эхийн хараа хяналт сул хүүхэд зэрэг 13 төрөлтэй байхаар төлөвлөн, Технологийн төвтэй хамтран хийж эхэлсэн.

Цагдаагийн алба хаагч гудамж талбай, олон нийтийн газраас хүүхэд оллоо гэхэд регистрийн дугаараа мэдэхгүй хүүхэд олон байдаг тул регистрийн дугаарт суурилахаас гадна овог нэр, хоч, дүр төрхийг тусгах, түүнчлэн хүчирхийлэлд өртөж болзошгүй болон хараа хяналт сул, хойд эцэг эхтэй, өргөмөл, тавиул хүүхдүүдэд тавих хяналтыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой хугацаа заасан байх, шаардлагатай мэдээллийг цахим сангаас цаг алдалгүй авдаг тал дээр анхаарч шинээр сан үүсгэх шаардлага байсан.

Цаашлаад “Хүүхдийн нэгдсэн бүртгэл”-ийг түшиглэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн талаар цагдаагийн байгууллагад заавал дуудлага, мэдээлэл ирүүлэхийг хүлээхгүйгээр цагдаагийн алба хаагч сангаар хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд биечлэн шалгаж байх чиг үүрэгтэй мэдээллийн сан шинээр үүсгэхээр зорьсон юм.

Мэдээллийн сангаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн осол гэмтлийн бүртгэлийн “Healt Info III”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Өрхийн судалгаа” нэртэй 4 жилд нэг удаа хийгддэг хүүхдийн талаарх бүрэн хэмжээний судалгаа зэргийг “Сервир” байдлаар нь татаж нэгтгэх зорилготойгоор холбогдох газруудад саналыг хүргүүлээд хэрэгжүүлэх шатандаа явж байгаа юм.

Олон улсын хурлын үеэр багийнхандаа энэ ажлынхаа талаар ярилцаж байгаад  "Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр Монгол улсыг төлөөлөн оролцсон бүрэлдэхүүн баг хамт олноороо ажиллан, нарийвчилсан стратеги төлөвлөлт хийж, зохион байгуулагч болон бусад орны төлөөлөгч нарт танилцуулсан нь онц сонирхолтой, бодит үр дүн өгөх төслөөр шалгарч, нийт 10 орны 200 гаруй алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан "#Шилдэг_эмэгтэй_алба_хаагч” шагналын батламж, хүндэт тэмдэгээр шагнагдсан. Энэ дашрамд намайг дэмжиж ажилласан даргадаа, Мэдээлэл, холбоо, технологийн төвийн хамт олонд болон багийнхандаа талархаж байгаагаа илэрхийлье.

-Цагдаагийн эмэгтэй алба хаагчдын манлайлал улам их өндөр болж байгаа нь харагддаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Ялангуяа хүүхэд хамгаалал хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эмэгтэй алба хаагчид илүү олон ажиллаж байна уу.

-Энэ нь ч бас ажлын онцлогоос хамаардаг байх. Цагдаагийн байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайлал их чухал. Цагдаагийн алба хаагч эмэгтэй хүн байна гэдэг нь эрчүүдээс сул дорой, ажил гүйцэтгүүлэхэд хүндрэлтэй гэдэг хэвшмэл хандлага нилээд ажиглагддаг.  Хэвшмэл хандлагыг өөрчлөхийн тулд эмэгтэй алба хаагчдын манлайлал их чухал. Олон эрэгтэй алба хаагчдын дунд үйл хөдлөл, эелдэг зан ааш, үг яриа, эмх цэгц, оновчтой төлөвлөлт, цагийн зохион байгуулалтыг зөв хийх  гээд эмэгтэй хүнд байдаг зан төлөвийн онцлогоороо ямар нэгэн сайн нөлөөлөл байдаг байх гэж боддог. Зайлшгүй эмэгтэй алба хаагчийн хийж гүйцэтгэх ажил ч байдаг.

Тэр тусмаа хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эмэгтэй алба хаагчид түлхүү ажилладаг.

Мэдээж бүгд л ээж байдаг, ээж болдог учраас тэр мэдрэмж, сэтгэлгэээгээрээ ажилдаа өөриймсөг хандаж, өөрийн хүүхэд шиг л хайрлаж хамгаалж ажиллаж байдаг.  Ажлын онцлогоос ч хамаардаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ихэвчлэн  эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг тул тэдэнтэй ойр дотно ярилцаж, ойлголцох, хохирогчыг чадавхижуулах ажилд эмэгтэй алба хаагчийн оролцоо чухал байдаг. 

Өөр албанд ажиллаж байгаа эрчүүдээс дутахааргүй сайн ажилладаг, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй алба хаагчид ч бас бий.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллагаас өөр ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлууд маань сүүлийн жилүүдэд төр засгийн болон олон нийтийн дэмжлэгийг маш сайн авч байна. Энэ нь бидний ажил ард иргэдэд хүрч байгаагийн илрэл байх. Цаашдаа цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр “Хүүхэд хамгаалагч”, “Хүүхэд хамгаалал”, “Өсвөрийн сэргийлэгч” гээд төсөл хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжихийн зэрэгцээгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүүхдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдийг сургуулийн орчинд хамгаалахаар “School police” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, сургуулиас гэр хүртэлх болон гэрээс сургууль хүртэлх замд “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжүүлсэн. Одоо бусад орчинд буюу гэр бүлийн орчинд, үе тэнгийнхний хүрээнд, ахуйн орчинд олон нийтийн сүлжээнд хэрхэн хамгаалах талаар арга хэмжээг зохион байгуулна. Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо маш чухал тул эцэг эхчүүд гэлтгүй томчууд бид алхам тутамдаа анхаарах ёстой.

-Цагдаагийн байгууллагын хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр олон чухал нөлөөллийн ажлууд хийж байна. Ер нь өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?  

-Цагдаагийн байгууллагаас энэ онд “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг нилээдгүй том аян арга хэмжээг зохион байгуулсан. Хүүхэд хамгаалагч төсөл энэ онд амжилттай хэрэгжсэн.

2019 оны эхний 10 сард гэмт хэргийн улмаас 893 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 84 нэгжээр буюу 8,6 хувиар буурсан байна.  Ерөнхий боловсролын сургуулийн орчимд 50 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 31 нэгжээр буюу 38,2 хувиар, 29 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 нэгжээр буюу 25,6 хувиар  МСҮТ-ийн орчимд 4 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3 нэгжээр буюу 42,8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Харин хүүхдээс үйлдсэн үйлдсэн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа нь бид үүнд анхаарч, хүүхэд, өсвөр үеийнхний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Яг одоо зохион байгуулагдаж байгаа “Ойлгоё, Хүндэлье” аян маань гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлагыг гэр бүлд төлөвшүүлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байна. Цаг хугацааны хувьд “Цагаан туузтан”-ны өдөр ч аяны хугацаанд таарч байгаа. Сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа аянууд  маань зөвхөн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд суурилахгүйгээр иргэд олон нийтэд хэрэгцээтэй, анхаарч, ухаарах мэдээллийг хүргэж байгаа нь сайшаалтай байгаа. Гэр бүл гэдэг гэдэг хайраас эхлээд итгэлцэлд суурилаад хүндлэл дээр тогтдог эрхэм харилцаа гэж боддог. Гэр бүлийн ид шид, гайхамшиг нь хүүхэд. Тэднийхээ төлөө ойлголцож, бусдыг хүндэлж чадвал мэдээж хүндлэлийг хүртэнэ.

-“Ажилдаа дуртай хүнээс л амжилт гардаг” гэдэг үг танд их зохих юм шиг санагдлаа.

-Ажилдаа дуртай болохоор эзэмшсэн мэргэжлээрээ, хийж буй ажлаараа бахархдаг. Ер нь сэтгэл хангалуун биш байвал ямар ч зүйлд амжилт гарахгүй байх. Цагдаагийн алба хаагчид өдөр бүр бусдын төлөө ямар нэг сайн зүйл хийж байдаг. Цагдаагийн байгууллагын бас нэг сайхан, гэгээлэг ажил бол  хүүхдийн төлөөх ажил, нэгэн цагт энэ албанд зүтгэж байгаагаараа бахархдаг. Өсч торниж, цэцэглэж, дэлбээлэх, улс оны ирээдүй болох хүүхдүүдтэй харилцана гэдэг чинь их хариуцлагатай, бахархалтай ажил.

-Азийн хэмжээний уулзалтанд оролцсон таны сэтгэгдэл. Тэндээс ямар ямар зүйлийг ажил хэрэг болгож болох шиг санагдав?

-Энэхүү бага хурал нь Зүүн өмнөд Азийн хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн хувьд анхдугаар хурал бөгөөд тус хуралд 10 орны 200 эмэгтэй цагдаагийн алба хаагч оролцсон.

Хурлын үеэр удирдлагын манлайлал, менежментийн ур чадварыг дээшлүүлэх, хэвшмэл хандлагыг өөрчлөх, практик ур чадвар эзэмшүүлэх, хууль сахиулах салбарын түншүүдтэйгээ хэрхэн илүү үр дүнтэй харьцах, цагдаагийн алба болон олон нийтийн хоорондын эерэг харилцааг дэмжих стратеги төлөвлөлт хийх зэрэг маш үр өгөөжтэй сургалтуудыг давхар зааж байсан.

Гол нь гадаад орны туршлага, цаг уур, улирлын байдал, шашин шүтлэг, үндэстний хэв маягаа ашиглаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулдаг нь нилээд сонирхол татсан.

Эмэгтэй алба хаагчдаас санаачлан “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулах, Зумба бүжгийн клуб байгуулан, гэрийн эзэгтэй нарыг урьж оролцуулан, байнга мэдээлэл солилцож, амьд харилцаа тогтоодог, таксиний жолооч нартай хамтран ажиллах,  гэмт хэргийн мэдээллийг зөвхөн цагдаагийн байгууллагад гэлтгүй шатахуун түгээх станц дээр хүлээн авдаг, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, ажилд зуучилж, ажил олгодог гээд санаа авч болохоор зүйлүүд их байсан.

-Хүүхэдрүү чиглэсэн ямар ажил хийхийг бодож явдаг вэ?

Цагдаагийн байгууллагад  хүүхэд хамгааллын чиглэлээр түр хамгаалах байрыг арай өөр хэлбэрээр байгуулахыг хүсч явдаг. Нэршлийн хувьд ч өөр байлгахийг боддог. Одоогийн түр хамгаалах байр маань гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг, хүүхдүүдийн хамт хүлээн авдаг. Мөн асрамж, халамжын төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа.  Гэхдээ яг хамгаалах байранд байрлахгүй хирнээ гэртээ очиж болохгүй, чөлөөт цагаа өнгөрөөх орчингүй хүүхдүүдэд чиглэсэн нээлттэй үйлчилгээтэй газар байгуулахийг хүсдэг. Аль нэг хүний, төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэрээр биш, хүүхэд өөрөө хүсч ирдэг, ирээд өөрийнхөө хүссэн хугацаагаар байрлаад явдаг, шаардлагатай тусламж үйлчилгээгээ авдаг, тухайн цаг хугацаанд тэр орчиндоо хөгжих боломжтой газар байгаасай гэж боддог. Мэдээж тэдэнд тулгарсан асуудалд цагдаагийн байгууллагаас тусална. Хараа хяналт сул хүүхдүүд өөрийн дураар гэрээсээ дайжаад байгаа зүйл биш, анх гэр бүлийн таагүй орчноос болж, тэднээс бага багаар холдсоор тэнэмэл гэх зам руу ордог. Гэр бүлдээ ээждээ, эгч, дүүдээ хайртай, тэднийгээ орхиж чадахгүй хирнээ гэртээ харихаар зоддог аавтай хүүхэд бол гуйланчлалд тэнүүчлэлд өртдөг. Тиймээс тэднийг тэр зам руу орохоос урьдчилан сэргийлсэн төв байгаасай гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16611