Улаанбаатар хотын 1 иргэн өдөрт 100 гр сүү, сүү бүтээгдэхүүн хэрэглэж байна

Report.mn

Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувь нь импортын хуурай сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байгаа талаар Монголын сүүний нэгдсэн холбоо мэдээллээ.

Дотоодод үйлдвэрлэсэн шингэн сүү нь Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 20 хувийг хангаж байгаа аж.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр жилд 800 сая литр сүүний нөөцтэй байгаагаас 70 орчим сая литрийг нь үйлдвэрийн аргаар боловсруулж байна. Монголын сүүний нэгдсэн холбооны судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын 1 иргэн өдөрт 100 гр сүү, сүү бүтээгдэхүүн хэрэглэж байна. Харин Скандинавын орнуудын хувьд энэ үзүүлэлт 900 гр байдаг ажээ. Төв суурин газрын хүн амын сүүний хэрэгцээг хангах гол шийдэл бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх явдал гэж Монголын сүүний нэгдсэн холбоо онцолж байна. Энэ салбарт технологи маш хоцрогдсон байгаа учраас энэ талд анхаарч Европын технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг салбарынхан онцолж байна.

Европын технологи нэвтрүүлснээр сүүний нийлүүлэлтийг жилд тав дахин өсгөх, жижиг дунд фермийн эдийн засгийн үр ашгийг 3.5-4 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Нөгөө талд бизнесийнхэнд учирч байгаа бэрхшээл нь экспортын бүтээгдэхүүний асуудал байна. Жишээлбэл “Витафит” компани 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүний иж бүрэн үйлдвэрийн шугамыг 2016 онд ашиглалтад оруулжээ. Үйлдвэрлэгчид бяслагийн төрөл, ааруул, масло мөн ингэний сүүг шингэн болон хуурайгаар экспортлох зорилттой байгаа юм. Харин ингэний сүүг экспортлоход бизнесийнхэнд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг "Витафит" компани онцолж байна. Үүнээс гадна Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам "Мах, сүүний анхдугаар аян"-ыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж буй. Шингэн сүүг "тоосруулан хатаах" буюу хуурай сүү болгох технологийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Японы “присай” компанийн энэхүү технологийг Монголд нэвтрүүлэхдээ энэ оны тавдугаар сар гэхэд 60 ширхэгийг оруулж ирэхээр төлөвлөжээ. Энэ төхөөрөмж нь ажлын найман цагт 240-600 литр хүртэл бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай юм байна.

Үүнээс гадна Европын сэргээн босголт хөгжлийн банк өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ хүрээнд "Витафит," "Тэсо", "АПУ", "Витсамо" компанийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өсгөх чиглэлд төсөл хэрэгжүүлж байгаа талаар мэдээлсэн юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
1667