Эрчим хүчний сайд П.Ганхүү УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын хамт орон нутагт ажиллах үеэр иргэдийн зүгээс тус салбартай холбоотой асуудлуудыг хөндөж, тодорхой санал хүсэлтүүдийг тавьсан. Мөн УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт нийслэлийн зарим дүүрэг болон Эрчим хүчний үйлдвэр, компаниудад ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг сонсож, богино хугацаанд бодлогын хувьд шийдвэрлэх боломжит төсөл ажлуудыг энэ онд багтаан хийж гүйцэтгэхээр болсон юм.
Эрчим хүчний сайдын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, орон нутгийн иргэдийн зүгээс Баруун бүсийн эрчим хүчний системийг ОХУ, БНХАУ-ын импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гаргах тухай асуудлыг хөндөж, энэ хүрээнд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж өгөхийг хүссэн. Энэ дагуу ББЭХС-д нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг хамгийн оновчтой цэгт байгуулах ажлыг ирэх 6-р сард багтааж гаргахаар болов.
Монгол Улсын аялал жуулчлалын томоохон бүс Хөвсгөл далай орчмын 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй айл өрх өнөөдөр цахилгааны эх үүсвэргүй байна. Энэ тухай Хөвсгөл аймагт ажиллах үеэр нутгийн иргэд учирлаж, хөгжлөөс орхигдсон бүсэд анхаарал хандуулж өгөхийг салбарын сайдаас мөн хүссэн. Үүнийг Эрчим хүчний сайд анхааралдаа авч, тухайн бүсийг цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбох ажлыг 06 дугаар сарын 10-ны дотор шийдвэрлэхээр боллоо. Энэ ажлыг Эрчим хүчний сайдын хүрээнд ЭХЗХ болон мэргэжлийн компаниудтай хамтран гүйцэтгэх юм. Түүнчлэн Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээнээс тэжээгдэж буй Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт сумын хүчдэл муу, 160 В байгаа нь айл өрхүүд харанхуй суух хоцрогдол бийг ярьж байна. Үүнийг мөн дотоод нөөцөө ашиглан шийдвэрлэхээр боломжтойг салбарын сайд мэдэгдлээ. Үүний ижил асуудал Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Батсүмбэр суманд яригддаг. Хүчдэлийн уналттай энэ асуудлыг 2017 онд багтаан шийдвэрлэхээр болсон.
Мөн Завхан, Булган, Өвөрхангай, Говь-Алтай зэрэг аймагт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
· Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 0.4 кВ-ын 2000 ширхэг модон тулгуур унах аюултай байгааг хэвийн болгох арга хэмжээ авах.
· ЭДЦС-ын үнсэн сан дүүрэх болсон учир шинэ үнсэн сав барих асуудлыг иргэд хөндөж, Эрдэнэтийн шинэ хорооллын дулаан хангамжийг бий болгох үүднээс шугамын шинэчлэлийн хөрөнгийг улсын төсөвт суулгах хүсэлт тавьсан. Үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
· Булган аймгийн Дулааны станцыг яаралтай ажилд оруулах саналын дагуу 2017 – 2018 оны өвлийн ачаалалд залгах бүх арга хэмжээг авах.
· Баянхонгор аймгийн төвийн 4, 5 дугаар хорооны 0.4 кВ-ын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх.
· Өвөрхангай аймгийн Тээл, Есөнзүйл сумын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг өсгөх.
· Говь-Алтай аймгийн дулааны эх үүсвэрийг бий болгож, төв шугамын сүлжээг шинээр барих.
· Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх.
Иргэдийн санал хүсэлтэд үндэслэн шуурхай хэрэгжүүлэхээр болсон дээрх төсөл ажилд Эрчим хүчний яамны зүгээс техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж ажиллахаар боллоо.