Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

Arslan.mn

Эрхэм хүндэт Танд айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, үйлс нь дэлгэр, бүтээл нь арвин, өрнүүн их амжилтаар ундарч байхыг хүсэн ерөөе.

2019 он бол Монгол Улсын хувьд  томоохон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээн, тогтворжуулсан жил байлаа. Үүнд Монголбанкны гүйцэтгэх үүрэг өндөр байж, эдийн засгийг сэргээн тогтворжуулахад чиглэсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлснээр,  сэргэлт үргэлжилж, ДНБ-ний өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа. Төв банкны зорилтын хүрээнд үнийн тогтвортой байдлыг хадгалах бодлогын үр дүнд инфляци 5.2% буюу дунд хугацааны зорилттой нийцтэй түвшинд байна. 2019 онд мөнгөний бодлогын шийдвэрүүд нь эдийн засгийн өсөлтийг тэтгэхийн хамт үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдлээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн өртөг буурч, хөрөнгө оруулалтын идэвхжил үргэлжлэв. Тухайлбал, гадаад валютын албан нөөц 4.2 тэрбум ам.долларын босгыг давсны дээр шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.8%-д хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буураад байна.

Өнгөрсөн онд төлбөрийн системийн шинэчлэлийг хэрэгжүүлж, Автомат клиринг хаус системийг амжилттай нэвтрүүлснээр Монгол Улсын төлбөр тооцоонд олон улсын стандартыг нэвтрүүлсэн чухал дэвшил боллоо. Үндэсний ₮ картын технологийг шат ахиулж, нууцлал аюулгүй байдлыг нь сайжруулж, олон улсын хэрэглээнд нэвтрүүлэх алхмыг тавилаа. Мөн Төв банкны суурь бүртгэл болон байгууллагын нөөцийн удирдлагын (ERP) системийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр олон улсын төв банкуудад ашиглагдаж буй дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэв.

Энэ жил тохиож буй Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч, хөгжсөний  95 жилийн ойн хүрээнд Төв банкны олон талт хамтын ажиллагаа болон олон нийттэй харилцах харилцааг өргөжүүллээ. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн цар хүрээг тэлэн өргөжүүлсний үр дүнд Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагын “Шилдэг түншлэл-2019”  шагнал авлаа.

Монголбанк нь үндэсний мөнгөний тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, мөн санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах замаар эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулж, шийдвэрлэхийн төлөө ирэх 2020 онд тэргүүн ээлжинд анхаарч ажиллах болно. Тухайлбал, 5 дугаар сард хэрэгжилт нь дуусах ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгоход онцгой анхаарна. Хоёрдугаарт, Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллагын “Cаарал жагсаалт”-аас ирэх онд багтан гарах зорилтыг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, Монголбанк болон Хятадын Ардын банкны хооронд байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хугацаа ирэх оны 7 дугаар сард дуусахтай холбогдуулж эдийн засагт сөрөг нөлөөгүйгээр шийдвэрлэх гарц, шийдлийг олж хэрэгжүүлнэ.

 

Монгол Улс хөгжин цэцэглэж, мандан бадрах болтугай!

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ                                                      Б.ЛХАГВАСҮРЭН

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
16845