АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ БНАСАУ-ын цөмийн аюул заналхийлэлд шаардлага тавьж, хамтран ажиллахгүй тохиолдолд АНУ дангаараа БНАСАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэж “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний АНУ-д хийх айлчлалаас хэдхэн хоногийн өмнө тэрбээр энэхүү мэдэгдлийг хийсэн нь олон улсын анхаарлыг ихэд татаж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 6-7-ны хооронд үргэлжлэх хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар талууд БНАСАУ-ын аюул заналхийллийн талаар голчлон хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. "БНХАУ БНАСАУ-д томоохон нөлөөтэй. Тиймээс БНАСАУ-ын асуудлаар АНУ-д дэмжлэг үзүүлэх эсэхээ БНХАУ шийдэх болно. Хэрвээ АНУ-тай хамтарвал энэ нь БНХАУ-д эергээр нөлөөлнө. Харин хамтран ажиллахаас татгалзвал энэ нь хэнд ч таатай биш" гэж Дональд Трамп ярилцлагынхаа үеэр дурджээ.
БНАСАУ баллистик пуужингийн технологийг хөгжүүлж, туршилт хийсээр байгаа юм. Тус улс энэхүү уулзалттай холбоотойгоор дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зургаа дахь удаагаа цөмийн пуужингийн туршилт хийж магадгүй байгааг БНСУ-ын тагнуулын алба анхааруулсан байна.