​Банкны тухай хуулийг Хас банк зөрчсөн үү

Хувьцаа эзэмшигч ТББ байх учиргүй. Гэтэл Хас банкны хувьцаа эзэмшигчээр хоёр ч төрийн бус байгууллага бүртгэгджээ

Монгол Улсад нийт 34 арилжааны банк байгуулагдсанаас 20 гаруй нь зах зээлийн шалгуурыг даалгүй дампуурч, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож байсан. Тэгвэл цагийн шалгуурыг давж гарсан хэдхэн банкны нэг нь Хас. 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус банк “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн бүрэн эзэмшилд байдаг. Санхүү, даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холдинг компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Монголын алт буюу МАК. Нийт хувьцааных нь 20 хувийг өдгөө эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, Хас банкны хамгийн том нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь гэсэн үг. Тэрчлэн Монгол Улсын стратегийн ордуудын нэг болох Цагаан суваргын орд тус компанийн мэдэлд байдаг.

Хас банкны толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг харвал, нийгэмд танигдсан хоёр ч томоохон төрийн бус байгууллага хөрөнгө оруулалт Хас руу “хийжээ”. Тодруулбал, Хас банкны хувьцаа эзэмшигч юм байна. Эдгээр нь Нээлттэй нийгэм форум, Улаанбаатар Ротари клуб. Энэхүү хоёр байгууллага улсад төрийн бус байгууллагын статусаар бүртгэгдсэн байна. Гэтэл Банкны тухай хуульд зааснаар ТББ банкны хувьцаа эзэмшигч байх учиргүй. “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ээр дамжуулан тэд банкны хувьцаа эзэмшигч болжээ.

Банкны системийн нөлөө бүхий банк болох Хасын нийт хувьцааны 1.59 хувийг Нээлттэй нийгэм форум ТББ, 0.30 хувийг Улаанбаатар Ротари клуб эзэмшиж байна. Монголбанкны Хуулийн хэлтэстэй холбогдож,

  1. Арилжааны банкны хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь төрийн бус байгууллага байх нь Банкны тухай хуультай зөрчилдөх үү,

  2. Хэрэв банкны хувьцаа эзэмшигчээр ТББ бүртгэлтэй байвал энэ нь хууль зөрчсөн хэрэг үү гэж тодруулсан юм.

 Төв банкны зүгээс Банкны тухай хуульд зааснаар арилжааны банкны хувьцаа эзэмшигч ТББ байж болохгүй, хэрэв банкны хувьцаа эзэмшигч ТББ байвал нь энэ хууль зөрчсөн гэж бидэнд хариуллаа. Тэгэхээр Хас банктай холбоотой дээрх төрийн бус байгууллагуудыг хууль зөрчсөн гэж энд дүгнэхэд хүрээд байна. Тэрчлэн Хас банк Банкны тухай хуулийг зөрчиж байгаа эсэхийг Монголбанкны хариултаас тод харж болохоор.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “ТББ-ын санхүүгийн эх үүсвэр, хандив тусламжийн дүн, эргэн зарцуулалт тодорхой бус, хянагддаггүй, эрх зүйн орчин муу байгаагаас мөнгө угаах эрсдэл энэ салбарт 62 хувьтай байгаа. ФАТФ-аас танайх энэ салбараа сайжруулаарай хэмээн зөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн удаатай.

Монгол Улс олон улсын санхүүгийн хоригт өртөж, Саарал жагсаалт руу ороход төрийн бус байгууллагуудтай холбоотой багагүй шүүмжлэл оны өмнө дэгдсэн билээ.

Хас банкны хувьцаа эзэмшигчээр өмнө нь Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Орон Нутгийн Удирдлагын Хөгжлийн Сан, Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо, Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан бүртгэгдэж байжээ. Эдгээр нь төрийн бус байгууллагын статустай бөгөөд өөрсдийн хувиа зараад хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнээс гарсан байх юм. Тодруулбал, бидний санаанд ч оромгүй төрийн бус байгууллагууд банкны салбараар дамжуулан ашиг олж, үйл ажиллагаанд нь оролцож байсан уу гэсэн асуулт энд хариулт нэхнэ. Олон улсын байгууллага гэвэл АНУ-ын Мерси Коор байгууллага мөн л Хас банкны хувьцаа эзэмшигч байжээ.

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн /Банкны төлөөлөн удирдах зөвлөл/ 31.4.3.нууцаар ашиг хүртэхгүй байх ёстой гэж заасан байгаа.

Харин Төрийн бус байгууллагын тухай хуульд ТББ-ын орлогын тухайд

Төрийн бус байгууллагын орлого нь гишүүний татвар, хандив, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө гэсэн эх үүсвэрээс бүрдэж болно гэж заасан. Монголд бүртгэлтэй байгаа 22 000 ТББ байна.

 

ITOIM.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
1
17608