Хүн бүхэн стрессгүй эрүүл хөгжилтэй амьдрахыг хүсдэг. Хүний энэхүү хүслийг дагаад ч олон төрлийн үйлчилгээ өдрөөс өдөрт шинээр нэмэгдэн бий болсоор байна.
Сүүлийн үед дэлхий даяар ард иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарах болсон. Тиймээс ч таниас шалтгаалах эрүүл байх аргууд мэдээж бий. Ингээд хэвшил болгочиход гэмгүй хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Бас л мэдэхэд илүүдэхгүй зүйлсийн нэг байна шүү.
Алхам 1. Номын санд оч
Фитнессийн ном, калори багатай эрүүл хоолны жорууд, хийж болох энгийн дасгалууд гээд байж болох бүхий л төрлийн өөрт хэрэгтэй мэдээллийг номын сангаас тэмдэглэж аваарай. Хооллосныхоо дараа зурагтны өмнө хэвтэхийнхээ оронд багахан ч гэсэн хөдөлгөөнтэй энгийн зугаатай тоглоомуудаар тоглож болно шүү дээ.
Алхам 2. Флосс хэрэглэ
Шүдний завсарт орсон хоолны үлдэгдлийг өдөр бүр флосс /шүд цэвэрлэх утас/ ашиглан цэвэрлэх. Энэ нь цусны даралтыг багасгаж, зүрхийг эрүүл байлгахад ач тустай гэдгийг Колумбын их сургуулийнхан баталсан байна. Сонирхолтой нь буйл шүдний өвчтэй хүмүүс зүрх болон судасны өвчнөөр өвчлөх магадлал их өндөр байдаг байна. Тиймээс өдөр бүр шүдээ сайтар цэвэрлэж флосс хэрэглэж хэвшицгээе.
Алхам 3. Энгийн дасгал
Жилд өндөр зардалтай фитнессд явах шаардлагагүй, мөн та өндөр үнэтэй биеийн тамирын хэрэгсэл авах ч шаардлагагүй. Эртний бөгөөд сонгодог арга бол суниах, босож суух, алхах юм. Өдөрт 10 удаа суниах, 100 удаа сууж босох, 20 минут алхахад л та галбираа гайхалтай барих болно. Мэдээж хүсвэл та сэтгүүлүүдээс нэмэлт энгийн дасгалуудыг ч хийж болно шүү дээ.
Алхам 4. Бичиж тэмдэглэ
Хэзээ ямар төрлийн хоол идэж, хэзээ дасгалаа хийх, сэтгэлзүйн хувьд хэзээ хамгийн сайхан бас таагүй байгаагаа долоо хоногийн турш зүтгэл гаргаад бичээд үзээрэй. Бичиж тэмдэглэж, дүгнэлт хийсний дараа танд өөрийн эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөрийн боловсронгуй хувилбар аяндаа бий болсон байна.
Алхам 5. Интернэтээр аял
Онлайнд маш олон төрлийн үнэгүй эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, видео, бичлэг, аудио байгаа тэр бүхнийг яагаад авч хэрэглэж болохгүй гэж? Бид хэрвээ эрүүл байхыг хүсвэл арга замууд үй түмэн байна шүү дээ.
Алхам 6. Стресстэй тэмц
Сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэн хүний цусны даралт ихсэх, жин нэмэгдэх, хасагдах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Харилцаагаа үргэлж нээлттэй байлгаж, хийх ёстой ажлаа цагт нь хийдэг зуршилтай болоорой. Өдөр бүр өөрт тулгарсан асуудлаа бичиж 5-10 минут тайвнаар бодож шийдэл ол. Та ингэснээр ямар хурдан асуудлаа шийдвэрлэж чадах байснаа гайхах болно.
Алхам 7. Гэрээ цэвэрлэ
Эрүүл амьдрал, эрүүл биед амьдарч байгаа орчны цэвэрхэн байдал маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Цэвэрхэн орчинг бүрдүүлэхэд цаг гаргаарай. Бохир хувцас, цагаан хэрэглэл бактер тараахаас гадна сэтгэл санааг тань уймруулж стресстүүлэх нөхцөл болдог. Долоо хоногт нэг удаа их цэвэрлэгээг хийж заншаарай.