Хүүхдээ бага наснаас нь эмх цэгцтэй болгож, хэрхэн бие дааж сургах вэ? Энэ асуултад хариу болох нэгэн ээжийн түүхийг та бүхэнд хүргэж байна.
Хүү маань 5 нас хүрч яваа. Түүнийг эмх цэгцтэй байдалд сургах гэж би янз бүрийн арга хэрэглэж үзсэн боловч үр дүн гарахгүй л байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам хүү маань дуртай зүйлээ л хийхээс биш түүнийг дургүй зүйлийг нь яаж ч гуйгаад хийлгэж чадахгүй болохыг би улам сайн ойлгож авч байв. “Би тоглоомоо хураамааргүй байна. Та өөрөө хураамаар байвал хураана биз. Харин би тогломоор байна” гэх мэт үгсийг би түүнээс байнга сонсоно.
Харин нэг өдөр хүүтэйгээ “Анарх” хэмээх тоглоом тоглоом тоглох санаа толгойд орж ирлээ. Анарх гэдэг нь эмх замбараагүй байдал гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн дуртай зүйлээ хийнэ гэсэн үг юм.
Хүү маань ч энэ санааг дуртай нь аргагүй хүлээж авлаа. Хүссэн зүйлээ хийж болно гэж хэлсэнд маань нэг л сайн итгэхгүй байгаа бололтой дахин дахин асууж, тоглоом эхлэх мөчийг тэсэн ядан хүлээнэ.
Би түүнд гэрээ л шатаачихгүй бол хүссэн зүйлээ хийх бүрэн эрхтэй гэдгийг асуух бүрд нь давтан хэлсээр байлаа. Гэхдээ аав, ээж хоёр нь ч мөн хүссэн зүйлээ хийх болно гэдгийг сануулсан боловч хүү маань чихнийхээ хажуугаар өнгөрүүлэв бололтой нэг их тоохгүй л байв.
Ингээд ням гарагийн 14.00 цагт тоглоом эхэллээ... Хүү маань ч хүссэнээ хийж эхэллээ. Дуртай тоглоомоороо тоглож, хүссэн цагтаа хүссэн тоглоомоо гадаа авч гарч байлаа. Гадаа гарахдаа гар утсаа авч гарав. Өмнө нь түүнд авч гарахыг хориглодог байсан юм. 16.00 цагт тэрээр тоглоомын талбай дээр танилцсан шинэ найзуудаа дагуулсаар орж ирэн өрөөндөө хамт тоглов. Мэдээж би юу болж байгааг сэм ажиглаж байлаа. Хүү маань өөрийнхөө дураар байж болно хэмээн найзуудынхаа өмнө гайхуулна. Хүүхдүүд ч түүний “азтайг” гайхан, атаархаж байгаа нь илт.
17.00 цаг гэхэд энэ нөхөрсөг хамт олон гадаа тоглохоор гарцгаав. Хүү маань 20.00 цаг гэхэд орж ирэхээ надад хэлэхэд би дуугүй л толгой дохилоо.
17.15 гэхэд нөхөр маань гаднаас орж ирэв. Бид хоёр цаашид яах талаар ярилцаад ямар ч байсан тоглоомын эцсийн үр дүнг үзэхээр шийдсэн юм.
18.00 цагт хүү маань гаднаас орж ирээд ааваасаа цахилгаан мотоциклыг нь доошоо буулгаж өгөхийг гуйлаа. Аав нь буулгаж өгөхөөс татгалзсан тул хүүд өөрийн хүчээр буулгахаас өөр арга байсангүй.
20.20 цаг болоход бид хоёр хүүгээ хайхаар гадагш гарах гэж байтал хүү маань сэтгэлээр унасан байдалтай орж ирлээ. Мотоциклоо шатаар дээшээ гаргахад нь туслах хүн хайсаар байгаад оройтсон гэнэ. Бид түүнд мотоциклоо шавар, шавхайнаас нь цэвэрлэхээс нааш гэрт оруулахыг хориглолоо. Мотоциклоо цэвэрлэхээс татгалзсан тул давхрын хонгилд хонуулахаар шийдэв.
Орж ирээд хоол хийж өгөхийг гуйхад нь хүн бүрийн биеэ даасан байдлыг сануулаад өөрөө хоол хийж идэхийг санууллаа. Хүү маань талхны зах олж аваад идэж гарав. Цай аягалж өгөхийг гуйхад нь нөхөр бид хоёр сонсоогүй юм шиг л байв. Үүний дараа түүний зүгээс “усанд орьё!”, “ор засаад өг!”, “ном уншаад өг!” гэх мэт олон хүсэлт ирсэн боловч бид алийг нь ч биелүүлээгүй юм.
Орой болоход арга нь барагдсан хүү маань уйлж гарав. Би түүний толгойг илж аргадаад “анархид” хүн болгон хүссэн зүйлээ хийж болохыг дахин санууллаа. Анарх түүнд таалагдахгүй байгааг хэлээд маргааш энэ тоглоомоо үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэдгээ хэлсэн юм. Нөхөр бид хоёр түүнийг унтсаны дараа ярилцаад тоглоомоо ямар ч байсан үргэлжлүүлэхээр шийдлээ.
Маргааш өглөө нь хүү цэцэрлэгтээ явах ёстой. Мөн цэцэрлэгийн дараа айкидогийн дугуйландаа явах хуваарьтай. Гэвч энэ бүгдийг хийхгүй байхаар нөхөр бид хоёр шийдлээ. Хүү ч өглөө сэрээд: “Аав намайг цэцэрлэгт хүргэж өгөх үү?” гэж асуулаа. Би: “Аав чинь жаахан унтаж амармаар байсан тул чамайг цэцэрлэгт чинь хүргэж өгөхгүй байхаар шийдсэн. Бас орой гэртээ эрт ирэхийг хүсэж байгаа тул чамайг айкидод чинь хүргэж өгөхгүй гэсэн шүү!” хэмээлээ.
Хүү маань хэсэг бодлогширч байснаа утсаараа тоглож эхэллээ. Би зөвхөн өөртөө зориулж өглөөний цай бэлдсэн тул хүү маань өөрөө цайгаа бэлдэх хэрэгтэй боллоо. Тэр угааж цэвэрлэсэн хувцас дундаас өмсөх хувцас хайж эхлэхэд нь түүний хувцсыг угаагүй тул энэ асуудлаа өөрөө шийдэхийг хэлэв. Надад түүнд туслахаас өөр илүү тааламжтай олон ажил байгаа тул бүх асуудлаа бие даан шийдэхийг түүнд дахин санууллаа.
Хүү маань бодол болон сууж байснаа анарх түүнд огт таалагдахгүй байна гэсэн дүгнэлт хийлээ. Иймд түүнд аль засаглал түүнд таалагдахыг ярилцсан юм. Түүнд 3 төрлийн засаглалыг санал болголоо.
Анарх. Хүн болгон хүссэн зүйлээ хийнэ. Хувийн ашиг сонирхлоо гэр бүлийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавина. Өөрөөр хэлбэл, хүн болгон өөрийн гэсэн түүдэг галтай байна.
Диктатур. Гэр бүлд зөвхөн нэг хүн л шийдвэр гаргана. Ганцхан хүн л түүдэг гал асаах, түүдэг галд хэдэн ширхэг мод өрдөх шаардлагатайг шийднэ. Гарсан шийдвэрийг ярилцах, шүүмжлэхийг хориглоно. Энэ шийдвэрийг дагаагүй хүн нь хатуу шийтгэл хүлээнэ.
Ардчилал. Гэр бүл дундаа нэг түүдэг галтай байна. Түүдэг галаа хэзээ асаах, хэдэн мод өрдөх шаардлагатайг гэр бүлээрээ ярилцаж байж шийднэ. Гэр бүлийн асуудлыг хамтаар шийдэх бөгөөд гэрийн эзэн эцсийн шийдвэр гаргах эрхтэй байна. Хүн болгон өөрийн гэсэн эрх, үүрэгтэй байна. Үүрэг нь их байх тусам эрх нь нэмэгдэнэ.
Энэ гурван засаглалыг хүүтэйгээ ярилцсаны дараа ардчилал түүнд хамгийн их таалагдаж байгаагаа хэлсэн юм. Хүн болгон өөрийн гэсэн үүрэгтэй. Үүргээ биелүүлж байж эрхээ эдэлнэ гэдэг нь түүнд хамгийн тохиромжтой санагджээ. Ингээд миний санал болгосон тоглоом ням гарагийн 14.00 цагаас даваа гарагийн 11.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Үүний дараа хүү маань ч их дуулгавартай болж, эмх цэгцтэй байх болсон. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд хүү маань мартагнаж эхлэх нь хаяадаа тохиолдоно. Энэ үед нөхцөл байдлыг гартаа авах шилдэг арга надад бий. “За дахиад л анарх эхлэх нь үү?” гэж намайг асуухад хүү маань тэр даруй нэгийг санаж “анарх л биш шүү!” хэмээн хариулдаг юм.