УИХ-ын 2020 оны сонгуульд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нэр дэвшихээр болсон сурагтай.
Дэлхийг цочроосон цар тахлын энэ үед иргэд, олон нийт Д.Нямхүү эмчийн хэлэх үгийг л сонсох гэж өглөө бүрийн 11.00 цагийг чих тавин хүлээсээр даруй таван сарын нүүр үзжээ. Тиймээс ч тахалтай тэмцэлдсэн өдөр хоногуудад тэрбээр олны анхаарлын төвд байна.
Тэгвэл Д.Нямхүү эмчид парламентад суух шаанс бий юу?
Хүн бүхэнд дотно санагдах Д.Нямхүү эмчийг зөв хүнээ дэмжих Электорат хөдөлгөөнөөс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх санал гаргажээ. Тус хөдөлгөөнөөс нэр, мөр цэвэр “Зөв хүн”-ийг нэрлэж байгаа бөгөөд ажил мэргэжилдээ эзэн болсон ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг хамгийн зөв хүн гэж дуу нэгтэйгээр дэмжсэн байна.
Одоогоор түүний намаас дэвших үү, бие даах уу гэдэг нь тодорхойгүй байгаа ч хоёр мандаттай Баянзүрх дүүргээс нэр дэвшигчдийн жагсаалтад ХҮН-ын нарийн бичгийн даргаар тун саяхан томилоглогдсон “Шинэ Монгол” сургуулийн захирал П.Наранбаяр, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын нэр хамт бичигджээ.
Ямартай ч сонгууль дөхсөн, олны анхаарал, хайр, хүндэтгэл зөвхөн өөрийг нь фокусласан алтан мөчийг “ардын баатар” маань алдахгүйг хүсч ХӨСҮТ-ийн шар байшингаа парламентийн саарал ордноор солихоор сэтгэл шулуудсан бололтой.