АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудтай уулзаж, стратеги болон бодлогын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр тэрбээр "Dodd Frank" буюу банк санхүүгийн салбарын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар байр сууриа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид 600 мянга орчим ажлын байр шинээр бий болгосон. Мягмар гарагт “Toyota” корпораци Кентаки дахь үйлдвэртээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа албан ёсоор мэдэгдсэн.
Гэсэн ч бидэнд цаашид хийх маш олон ажил байна. Учир нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд АНУ үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны гуравны нэгийг алдсан. АНУ-ын бизнес эрхлэгчдэд ногдуулах татвар дэлхийд өндөрт тооцогддог. Мөн Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээр анхнаасаа л таатай байгаагүй. Гэхдээ л АНУ-ын Засгийн газар ажлын байр шинээр бий болгохыг дэмжиж, холбооны төсвийн зарцуулалтыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шийдвэр, баримт бичгүүдэд гарын үсэг зурж түүхэн алхам хийсэн. Энэ бол ердөө эхлэл, бид татварыг бууруулах, шаардлагагүй зохицуулалтуудыг хүчингүй болгох болно. Хэдий тийм боловч бид үүний 25 хувийг аль хэдийн хийчихсэн. Харин банкны эздэд зориулсан “Dodd Frank”-ийн зохицуулалтад анхаарал хандуулбал тэд баяртай байх болно. Учир нь бид энэхүү зохицуулалтыг илүү оновчтой болгох чиглэлд анхааран ажиллах болно" гэж мэдэгдсэн байна.