Монгол Улсын инфляцын түвшин 2017-2018 онд өсөхөөр байгаа боловч зорилтоос бага байх талаар Төв банк төсөөлж байна. 2016 оны сүүлд буюу IV улиралд эдийн засаг хүлээлтээс сайжирсантай холбоотойгоор инфляцын таамаглал өмнөх төсөөллөөс нэмэгджээ. Энэ оны эхэнд Монголбанк инфляцыг нам дор түвшинд байх талаар таамаг гаргаж байсан юм. Харин цаашид эдийн засгийн өсөлт эрчимжиж, төгрөгийн ханш өмнөх жилтэй харьцуулахад сулрах нь хүнсний бус инфляцыг энэ онд өсгөхөөр байна. Одоогийн байдлаар хэрэглээний сагсны хүнсний бүлэгт махны үнэ онцгой их хувь эзэлж байгаа буюу 30 орчим хувийг бүрдүүлдэг махны үнэ оны эхний хагаст өсөх боловч сүүлийн хагаст буурах боломжтой гэж харж байна. Энэ нь улирлын онцлог дагасан өөрчлөлт юм. 2016 оны эцэст хүнсний үнэ 16 сарын хугацаанд анх удаа жилийн инфляцад эерэг нөлөө үзүүлсэн байдаг.
Үүнээс гадна авто бензин, дизель түлшний онцгой албан татвар 2017 оны II улирлаас нэмэгдэхээр байгаа нь үнийн ерөнхий түвшнийг өсгөх нөлөө үзүүлэхээр байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон бөгөөд үүнд авто бензин, дизель түлшний онцгой албан татвар багтжээ. Хэдий инфляцад үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг тооцсоноор энэ удаагийн төлөвийг танилцуулсан гэдгээ Монголбанк мэдэгдсэн ч татварын нөлөө тооцоолсноос өндөр байвал инфляц нэмэгдэх эрсдэл байгаа юм.
Харин хөрөнгө оруулалтын тухайд уул уурхайг дагах хөрөнгө оруулалт боловсруулах, барилга, худалдаа зэрэг уул уурхайн бус салбаруудын өсөлтийг нэмэгдүүлнэ гэж Төв банк үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон таван төслөөс зөвхөн Гацууртын төслийг энэ онд хөдөлгөж магадгүй гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн өмнө нь мэдэгдэж байсан юм. Гадаад орчин талаас харвал, БНХАУ-ын эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан хэлбэлзэж болзошгүй гэж үзжээ. Худалдааны гол түнш болох БНХАУ, Евро бүсийн эдийн засаг өнгөрсөн оны IV улиралд таамаглаж байснаас илүү хурдацтай сэргэсэн ч 2017, 2018 онд буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. ОХУ-ын хувьд эдийн засгийн өсөлт нь эрчимжих төлөвтэй байна.