“Насны хишиг” авах ахмадууд ирэх сарын 1-нээс бүртгүүлээрэй

Report.mn image

Засгийн газрын энэ сарын 25-ны хуралдаанаар ахмадуудад “Насны хишиг” олгох журмыг хэлэлцэж, баталсан.

Тэгвэл ахмадууд ямар материал бүрдүүлж, хэзээ, хаанаас мөнгөө авах талаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс тодрууллаа.

-Настнуудад тавьж буй гол шалгуур нь юу вэ?

-Ахмадууд билгийн тооллын Цагаан сарын шинийн 1, Үндэсний их баяр наадмаар буюу жилд хоёр удаа “Насны хишиг” авах боломжтой. Ингэхдээ 65-69 насныхан 50.000, 70-79 насныхан 80.000, 80-89 насныхан 150.000, 90 ба түүнээс дээш настнууд 250.000 төгрөгийг жилд хоёр удаа авна.

-Хүсэлтээ хаана, хэнд хандан гаргах ёстой вэ?

-Дээрх насны болзол хангасан ахмадууд хоёрдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой. Энэ оны хамгийн сүүлийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30-нд дуусна. Түүнээс өмнө хүсэлтээ өгөхгүй бол энэ онд “Насны хишиг” авч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүсэлт өгсөн хүний иргэний үнэмлэхийг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн хуулбарлан, тухайн хүний мэдээллийг цахим өргөдөл, маягтын дагуу бөглөж, анхан шатны баримт бүрдүүлнэ. Ингэснээр тухайн аймаг, дүүргийн “Насны хишиг” авах хүмүүсийн нэрсийн жагсаалт үүснэ гэсэн үг.

Үүнийг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт явуулснаар санхүүжилт нь орох юм. Хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч гаргана.

-Аль банкаар энэ мөнгийг олгох вэ?

-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газартай гэрээ бүхий ХААН, Төрийн, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна. Тухайн хүн материалаа бүрдүүлж өгснөөр дээрх гурван банкинд нэрийн данс нээгдэнэ гэсэн үг. Уг дансанд ямар нэгэн мөнгө байршуулахгүй, шимтгэл, хураамж төлөхгүй, “Насны хишиг”-ийн мөнгийг тэтгэврийн зээлд суутгахгүй байхаар зохицуулсан.

Ахмадууд хоёр, зургадугаар сарын 25-наас хойш банкинд очиж, мөнгөө бэлнээр авах боломжтой. Хэрвээ бэлнээр авахгүй гэж хүсэлт гаргавал цахим карт үнэгүй олгоно. Мөн дээрх гурван банкинд данстай бол түүгээрээ дамжуулан авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
206