• Танд өдрийн мэнд хүргэе. Манай урилгыг хүлээн авч, утсаар ярилцлага өгч байгаад баярлалаа.
Та бүхэнд өдрийн мэнд хүргэе.
• Сагсан бөмбөгийн хөгжлийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад олон өөрчлөлт гарсан байх? Өнөөдөр өсвөр насныхан болон залуучуудын дунд хамгийн их сонирхдог спортын төрөл мөн үү?
Сагсан бөмбөгийн хувьд дэлхий нийтэд түгэн тархсан багийн спорт гэж тодорхойлж болно. Энэ ч утгаараа залуу үеийнхэн гэлтгүй бүх л насныхныг хамарсан спорт юм. Манай улсын хувьд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм улс орны хөгжил дэвшилтэй холбоотойгоор хүүхэд залуусын үзэж харах, сонирхож судлах сувгууд маш олон болсон байна. Мөн сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган зүтгэж ирсэн олон багш нар, сагсны төлөө ажиллаж буй хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд сагсан бөмбөгийн спорт үсрэнгүй хөгжсөн гэж би боддог. Дээр нь хүүхэд залуусын бие бялдрын болоод сэтгэхүйн хөгжилд ч олон дэвшил гарсан байна.
• Сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдын хичээл зүтгэл чухал гэлээ. Тэгвэл та энэ багш нарын үйл хэргийг үргэлжлүүлж,сагсан бөмбөг сонирхогч хүүхдүүдэд арга туршлагаасаа хичээл сургалт, зөвлөгөө өгдөг үү?
Сагсан бөмбөгийн хөгжилд үе үеийн багш нар болон олон сайн тамирчдын тоглолтоос тоглолтод бэлтгэлээс бэлтгэлд хуримтлуулсан туршлага, дэлхийн хөгжлийн зарим зүйлсээс Монголд нутагшуулсан хүн бүрийн ач тус чухал нөлөө үзүүлж ирсэн. Монголын сагсан бөмбөгийн спортыг дэлхийн жишигт хүргэхийн төлөө үе үеийн багш нар өөрсдийн дур сонирхол, хүсэл сэтгэлээр энэ спортыг хөгжүүлж, хойч үеэ бэлдсээр ирсэн. Миний хувьд бол суралцаж яваа залуусын төлөөлөл. Өдий зэрэгт хүртлээ би шилдэг багш нараар хичээл заалгаж, тэдний арга туршлагыг сонсож суралцсаар байна. Тиймээс эндээс сурсан зүйлсээ сайжруулахын сацуу дэлхийд сагсан бөмбөгийн спорт хэрхэн хөгжиж байгааг өөрийн хэмжээнд сулдаж байна. Энэ бүхнээс сурсан зүйлсээ олон хүүхэд залууст хүргэж, сагсан бөмбөгөөр хичээллэх боломжийг нээж өгөхийг хүсдэг.
• Нийслэл хотын хэмжээнд хир олон секц дугуйлан байдаг юм бэ? Сагсан бөмбөгөөр хичээллэх хүсэлтэй хүүхэд бүрд хүрэлцээтэй байж чаддаг уу?
Нийслэлийн хэмжээнд 10-аад байгаа гэж бодож байна. Хотод өнөөдөр заал хангалтгүй, үнэ маш өндөр байдаг. Сургуулийн шигшээ багт 10-20 хүүхэд авч бэлтгэдэг. Гэтэл цаана нь сагсан бөмбөг тоглох хүсэлтэй хүүхдүүд хэдэн зуугаараа үлддэг. Тиймээс сургуулийн шигшээ багт сонгогдоогүй ч сагсан бөмбөгт зүрх сэтгэлээсээ дуртай хүүхдүүдийн авьяасыг нээж, дэмжих туслах секц дугуйлангууд олон болоосой гэж хүсдэг. Олон байх тусам өрсөлдөөн нэмэгдэж, илүү хөгжинө гэж боддог.
• Ирээдүйн сагсан бөмбөгчдийг бэлтгэхийн тулд хувь нэмрээ оруулж чадаж байна уу?
Бүх зүйл тухайн хүний хэр их дурлаж, сонирхож байгаагаас хамаардаг. Тиймээс хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор “Тэнүүн өлзий Агар спорт зааланд “Evolution” гээд сагсан бөмбөгийн секц хичээллүүлж эхлэх зорилгоор бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Өөрийн сурч судалсан багахан мэдлэгээ хойч үеийнхэндээ зааж сургаж, тэдэнд хэрэгтэй олон улсын туршлагыг зөвлөх нь манай хичээлийн гол зорилго. Цар тахалын хөл хориотой холбогдуулаад түр хугацаанд завсарлаад байна.
• Ковид 19 цар тахлаас үүдээд бүх нийтээр хөл хорионд орсон. Тэгвэл энэ хугацааг ашиглаад сагсан бөмбөгийн чадвараа ахиулах боломжууд байх уу?
Бэлтгэл нь тасарсан олон залуусд зөвөлөөч...
Миний бодлоор Сагсан бөмбөгийн бэлтгэлийг зөвхөн биеийн хүчээр хийдэггүй. Нэгдүгээрт: Бие бялдар Хоёрдугаарт: Оюун ухаан, оюун санаагаар Гуравдугаарт: Зүрх сэтгэлээсээ хичээж байж амжилтад хүрнэ гэж боддог. Хөл хорионы үед заал, бөмбөг болоод бусад хэрэгслүүд байхгүй ч үнэхээр хүсэл эрмэлзэлтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж байна. Тухайлбал телевиз, гар утсаа ашиглаад Youtube, facebook зэрэг сувгуудаас сагсан бөмбөгийн шилдэг тоглолтуудыг үзэж болно. Мөн тухайн хүн сагсан бөмбөгийн талбайд өөрийн тоглохыг хүсдэг байршлаа тодорхойлж, тэр хэсэгт тоглодог дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн тоглолтыг үзэж, арга техник, талбайд хэрэгжүүлэх боломжит туршлагыг судлаж болдог. Role model гэж нэрлэдэг энэ арга тухайн тамирчнаас заал шаардахгүй, дэлгэц утсаа ашиглаад судалгаа хийж, тэмдэглэл хөтлөх боломж юм. Ингээд боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу хөл хорионы дараа зааланд бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй.
• Ямар тамирчдын тоглолт, дасгал бичлэгүүдийг үзвэл илүү үр дүнтэй вэ?
Хүүхдүүд өөрсдийн бие бялдар, нөөц боломжиндоо тохирсон тоглогчийг сонгож, хийж байгаа бэлтгэл сургуулилтаас суралцах нь зүйтэй. Ийм бичлэгүүд Youtube дээр нээлттэй байдаг. Жишээ нь холбогч болоё гэж бодож байгаа хүүхдүүдийн хувьд Стефен Көрри болон Кайри Эйрвинг нарын тоглолт дээр нь Демиан Лиллард-ийн хувийн дасгал сургуулилтууд, цуврал бэлтгэлүүд болон тоглолтуудыг үзэхийг зөвлөж байна. Би ч бас өөрөө эдгээр тамирчдаас үлгэр дуурайлал авч, дасгал сургуулилтыг нь дагаж хийж байсан. Мөн гадны болон Монголын шилдэг тамирчид бэлтгэлээ хэрхэн яаж хийдэг, дасгал хөдөлгөөн хийх заавар зөвлөгөө харахыг хүсвэл тухайн тамирчныхаа Инстаграмм дагах, подкастууд сонсох хэрэгтэй. Монгол хэл дээр “Дуугай тогло” “Хөөрөлдөөн” гээд сагсан бөмбөгийн шилдэг тамирчид оролцсон подкастуудыг санал болгож байна. Эндээс Монголын шилдэг тамирчдын маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг, олон гоё мэдээлэл сонсож болно.
Гэрийн нөхцөлд бие бялдраа хөгжүүлэх ямар дасгалууд байж болох вэ?
Сагс биеийн хүч ерөнхий хөгжил шаарддаг спорт учраас гэртээ суниах, суулт хийх, гэдэсний таталт зэрэг энгийн дасгалуудыг хийж болно. Гэхдээ дасгал хийхээс өмнө заавал тодорхой хэмжээнд бие халаалт хийх ёстойг хэлэх хэрэгтэй. Сагсан бөмбөгийг зөвхөн хүчтэй хүн тоглодоггүй. Булчингийн баланс сайтай буюу тэнцвэр сайтай хүн сайн тоглодог спорт. Тиймээс тэнцвэр сайжруулах энгийн дасгалууд болох нэг хөл дээрээ зогсох, резин ашигласан тэнцвэрийн дасгалуудыг гэртээ хийж болно. Сагс тоглодог хүмүүсийн дотор шагайгаа далий гишгиж үзээгүй хүн гэж байхгүй. Далий гишгэсэн үед шагайн үеийг холбосон холбоосууд сэмэрдэг. Тиймээс шагай хэсгийн холбогч булчин шөрмөснүүдийг чангалах дасгалыг хийх нь үр дүнтэй дасгалуудын нэг байх болов уу?
• Сагсан бөмбөгөөр хичээллэхийг хүсдэг ч өөрийгөө чадах болов уу? гэж эргэлзэж байгаа залууст урам зориг өгөөч?
Бүх хүн сагс тоглож чадна гэж би боддог. Тухайн хүн өндөр, хөдөлгөөний эвсэлтэй байх ёстой гэсэн босгыг залуус өөртөө тавьж, хүслээ хязгаарлах хэрэггүй. Яагаад гэвэл хөдөлгөөний эвсэл, авхаалж самбаа, шийдвэр гаргах чадамж зэрэг олон зүйлсийг хичээж чадвал хүн бүр сурч чадна. Дэлхийн номер нэг лиг буюу NBA-д 165 см-тэй тамирчин амжилтад хүрч чадсан. Тухайн үед NBA-ийн хамгийн өндөр тамирчин 220 см байсан. Үүнийг Монголын хөрсөнд буулгаад бодвол өнөөдөр манай хамгийн өндөр нь 2 метртэй тамирчин байна. Тэгэхээр 175 см өндөртэй байсан ч дээд, дунд лигт амжилттай тоглох боломж нээлттэй гэж боддог. Сагсан бөмбөгөөр хичээллэсэн хүүхэд богино хугацаанд зөв шийдвэр гаргах, багаар ажиллах, бусадтай нээлттэй асуудлаа хэлэлцэж сурах, ялж ялагдаж сурсан, бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авдаг. Тиймээс заал хаасан гэж хойш суулгүй өнөөдрөөс эхлээд сагсан бөмбөгийн сургуулилтаа шаргуу хийж, хөл хориог хөгжих цаг болгон ашиглахыг зөвлөж байна.
Танд баярлалаа.