З.Мэндсайхан: Хүнсчид та бүхэн энэ цагийн эгэл баатрууд юм шүү

Arslan.mn

Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, энэ салбарын түүхийг бүтээлцэж, өнөөгийн хөгжил, дэвшилд хүрэхэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан, ажиллагсад та бүхэндээ Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбар нь 14 мянга гаруй ажилтныг  эгнээндээ нэгтгэж,  ДНБ-ний 4 хувийг бүрдүүлж, жилдээ 1.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бол хүнс үйлдвэрлэгчид та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Бидэнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний  үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд мал аж ахуй, газар тариаланг тогтвортой хөгжүүлж, түүнд тулгуурласан хүнсний боловсруулах аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, улмаар хүнс экспортлогч орон болох боломж бүрэн бий. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо  үйлдвэрлэх, хүнсний экспортыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, “Атрын 4 дүгээр аян”, “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх”, “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр болон бусад үндэсний хөтөлбөрүүд, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний  90 жилийн тэгш их ойгоо угтаж хүнсчид бид багагүй бүтээлч ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажилд идэвхи зүтгэлтэй, манлайлан оролцож байгаа Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо болон бусад хамтрагч байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлье.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын хүнсчдийн холбоотой хамтран салбарын мэргэжлийн ур чадварын уралдаанууд, “Хүнсчдийн алдар” спортын тэмцээн, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа, “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүнсчдийн төгөл”-ийг  байгууллаа. Үүний зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал  хүнсний  үйлдвэрлэл эрхлэгч та бүхний нийгмийн хариуцлагыг шалгасан томоохон сорилт боллоо. 

Коронавирус халдварт цар тахлын аюул нүүрлэж байгаа энэ эгзэгтэй үед хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, амсхийх завгүй хөдөлмөрлөж байгаа хүнсчид та бүхэн энэ цаг үеийн эгэл баатрууд шүү. Хүнсчдийн үйлс нь ариун, хүнс нь арвин байх болтугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН

Эх сурвалж:  ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22672