Ц.Элбэгдорж: Зөрчлийн хуулиас гүтгэлэгтэй холбоотой заалтыг авах хэрэгтэй

Report.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм.

Ерөнхийлөгч энэ үеэр, "Би гурван товч санаа хэлье. Төр, албан тушаалтны тал руу биш иргэн тал руугаа асуудлыг шийддэг байхаар олон жил ярьж байна. Зөрчлийн тухай хуулинд зарчмын шинжтэй өөрчлөлт туссан байна. Засгийн газраас оруулсан төсөл өөрчлөгдөж байгааг анхаарах хэрэгтэй.

Үүний зэрэгцээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө буюу энэ талын ололтоо хамгаалсан байдлаар шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний одоогийн тогтолцоо ойлгогдохоо болино. Өнөөдөр улстөрчид амлалтаа биелүүлээгүй бол хариуцлага хүлээдэг үү. Үгүй шүү дээ. Тиймээс ёс зүйгүй улстөрчид хариуцлага тооцохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Иргэндээ хариуцлага тооцох гэхийн оронд цахим орон зайд үйл ажиллагаа явуулж буй байгууллага руу нь хандаад асуудлыг шийдүүлж болдог технологийн ололт бий. Түүнчлэн Иргэний хуулиар иргэний нэр төртэй холбоотой асуудлыг шийдэж болдог. Тиймээс нэр төр гутаасан, гүтгэсэн гэх заалтыг Зөрчлийн тухай хуулиас авч хаях хэрэгтэй. Би хувьдаа 20-иод жил гүтгүүлсэн. Тэглээ гээд муудсан зүйл алга. Нийгмийн зүгээс гарч буй шүүмж улстөрчдөд тус нэмэртэй шүү дээ. Эхлээд хардлага гүжирдлэг маягаар илэрдэг. Тухайн албан тушаалтан үүнийг нь няцаах бүрэн бололцоо бий.

Report.mn

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ярьж байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүйн зөвлөл дээр эхэлж ярих ёстой. Монгол Улсын газар, ашигт малтмалыг барьцаалах асуудлыг энэхүү хуулинд тусгасан байгааг анхаарах хэрэгтэй. Энэ бол монголын хувь заяанд онцгой нөлөөлөх заалт орж ирж байна. Газар, үндсэн хөрөнгө барьцаалдаг заалтыг бүрэн авч хаях хэрэгтэй. Шаардлагатай гэвэл хуулийн төслийг Үндэсний аюулгүйн зөвлөл дээр ярих болно" гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн хэлсэн энэхүү зөвлөмжид УИХ тодорхой хугацааны дараа хариу өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Үүгээр цайны цаг болсон чуулганы хуралдаан түр завсарлав.

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2296