Ардчилсан Намын нарийн бичгийн дарга асан О.Магнай болон нарийн бичгийн дарга С. Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Өнөөдөр Монголын түүхэнд хар будгаар тэмдэглэгдэх өдөр болж байна.
Учир нь эрх баригч нам бодлогоор 4 сарын 14-ний өдөр долоон төрлийн татвар нэмсэн нь нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдсан явдал боллоо.
ОУВС-аас татвар нэмэхийг шаардаж байгаа гэж эрх баригчид тайлбарласан.
Гэтэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакерын сонинд өгсөн ярилцлагаар бол ямар зардлыг танах эсэх нь засгийн газрын өөрийнх нь асуудал гэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүй гэдгийг тэрээр тодорхой илэрхийлсэн байна.
Татвар нэмэхгүй байх талаар төрийн захиргааны албан хаагчдын шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид мэргэжлийн хүний, судлаачдын үгийг сонсохгүй байгаа.
Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр Ардын нам дундаж давхрагаа ядууруулах бодлого барьж байна. Ардын намынхан дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна. Тэд бүсээ чангалаагүй. Гэтэл ард түмний нуруун дээр ачаа ирж байна. Энэ бол Ардын намын санаатай алдаа.
АН-ын зүгээс үндэслэлгүй, судалгаагүй татвар нэмж байгаа явдлаа дахин нэг харахыг эрх баригчдаас шаардаж байна" гэв.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "Долоон концессын нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг байна. Үүнийг Ардчилсан намынхан хулгай ил цагаандаа гарлаа гэж үзэж байгаа. Сайд Н.Номтойбаярын Монголын Алт компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болоод байна. Мөн С.Бямбацогт сайд 77 тэрбум 695 сая төгрөгийн концессыг авсан байна. Ж.Мөнхбат сайд Өмнөговь аймгийн төвийн нийслэлтэй холбосон концесс бол минийх юм гэж ил цагаандаа зарласан байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрынхан өөрсдөө хулгай хийж байна" гэв.
Гэрэл зургийг MPA.mn