Германы канцлер Ангела Меркель ОХУ-д айлчилна

Report.mn

Германы канцлер сүүлийн хоёр жил ОХУ-д очоогүй. Энэ удаад хоёр улсын төрийн тэргүүн Москвад биш Хар далайн эрэг дээрх Сочи хотод уулзахаар болжээ. Германы Засгийн газрын албанаас уламжилж байгаагаар Меркелийн ОХУ-д айлчилж байгаа гол зорилго нь ирэх долоодугаар сард Хамбургт болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд Ерөнхийлөгч Путинтэй уулзах юм байна.  Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүн  Сирийн хямрал, Украины нөхцөл байдал, хоёр улсын харилцааны талаар хөндөн ярилцана гэсэн таамаг байна.

2016 оны 11 дүгээр сард Берлин хотод Меркель, Путин нар уулзаж, Украины зүүн хэсэгт үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж байсан. Энэ уулзалтад Франц болоод Украины төрийн тэргүүн оролцож, Минскийн энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр тохиролцож чадсан ч одоог хүртэл гэрээг бүрэн хэрэгжүүлж чадахгүй л байна. Сирийн асуудлаар Москва, Берлиний байр суурь тэс ондоо. Москва Башар Ассадын Засгийн газрыг дэмждэг бол Берлин Ассадын Засгийн газрыг өнгөрсөн зургаан жилийн хямралд буруутгадаг юм.

ОХУ, Герман улсын харилцааны хувьд энэ удаагийн уулзалтаар хоёр талын эдийн засгийн харилцаа эргэн сэргэнэ гэсэн хүлээлт байна. 2012 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 80 тэрбум евро байсан ч Украины хямрал эхэлснээс хойш энэ тоо 50 хувиар буурсан байна. Гэхдээ 2017 оны эхний улирлын байдлаар худалдааны эргэлт эргэн сайжрах эерэг дохио анзаарагдсан болохыг ОХУ-ын "Итар Тасс" агентлаг уламжилж байна

Эх сурвалж: Moнголын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2346