Дотоод зах зээлээс өнгөрсөн онд 280.4 тэрбум төгрөгийн бонд босгожээ

Report.mn image

Монгол Улсын Засгийн газар дотоод зах зээлээс 2016 онд 280.4 тэрбум төгрөгийн бондын хөрөнгө босгожээ. Анх 2014 оны 11 дүгээр сараас Сангийн яам Засгийн газрын үнэт цаасыг МХБ-ээр арилжиж эхэлснээс хойш 834.1 тэрбум төгрөгийн бонд арилжсан байна. Үүнээс  хамгийн их хэмжээний буюу 510 тэрбумын үнэт цаас 2015 онд анхдагч зах зээлд гаргажээ. 2017 онд эдийн засагчдын дүгнэснээр 2.4 их наяд орчим төгрөгийн өр нэмж үүсэхээс дотоод өр 1.7 их наяд төгрөг байх төсөөлөл байна. Гэхдээ дотоод гадаадын зээл, шинээр тавих өрийн 70 өрчим хувь нь Засгийн газрын өрийн үндсэн төлбөр төлөхөд, үүн дотор 50 хувийг нь гадаад зах зээлд гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг төлөхөд зарцуулах төлөвтэй байгааг өнгөрсөн оны сүүлд төсвийн хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчид анхааруулж байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл суларч, улсын эдийн засаг хүндэрсэн энэ үед Засгийн газрын бондыг авах хамгийн боломжит худалдан авагчид нь арилжааны банкууд байгаа юм. 2015 онд нийт арилжааны 98.9 хувь нь дотоод, нэг хувь нь гадаад худалдан авагчид байсан бол 2016 онд 98.2 орчим хувийг дотоодын, 1.8 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид зах зээлээс худалдан авчээ.

Зах зээлд нэг жилээс бага хугацаатай бондын эрэлт их байдаг. Анхдагч зах зээлд нийт арилжсан 834 тэрбум төгрөгийн бондоос 98.3 орчим хувь нь 12-52 долоо хоног буюу нэг жил хүртэлх хугацаатай бонд байна. ЗГҮЦ-ны хүүгийн түвшин хадгаламжийн хүүгээс өндөр байгаа нь богино хугацаанд өндөр өгөөж хүртэх боломж олгож, хөрөнгө оруулалт хийх эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал энэ долоо хоногийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай бонд Сангийн яамнаас 18.8 хувийн хүүтэйгээр санал болгож, 15 тэрбум төгрөгөөр арилжсан. Энэ нь худалдан авагч талд ашигтай ч, Засгийн газрын дотоодод гаргаж байгаа жижиглэнгийн үнэт цаасны хүү 2016 оны дөрөвдүгээ сард хамгийн сүүлд олон улсын захад гаргасан 10.8 хувийн хүүтэй бондоос ч өндөр, "Чингис бонд"-оос хамгийн багадаа гурав дахин их байгаа юм. Одоогоор 2017 он гарснаар дөрвөн удаагийн арилжаагаар 33.8 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалаад байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
240