АТГ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хөрөнгийг зарлалаа

Report.mn

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд дээд тал нь 32 тэрбум төгрөг зарцуулж магадгүй гэж иргэний нийгмийн төлөөлөл үзэж байна. Учир нь Үндэсний аудитын газраас зардлын дээд хэмжээг намын хувьд 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоогоод байгаа юм. Хэдий тийм боловч нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авахад хүндрэлтэй байгааг  “Глоб интернэшнл”, “Мидас” зэрэг Төрийн бус байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ" мягмар гарагт мэдээллээ.

Харин өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын дагуу нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хуудастаа байршуулжээ. Мэдүүлгийг харвал МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нийт орлого нь 91 сая төгрөг, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, барилга байгууламжтай гэж мэдүүлсэн байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нийт орлого 130 сая төгрөг, эзэмшиж буй хоёр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 912.9 сая төгрөг байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нийт орлого 22 сая төгрөг, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, “Toyota Prius” автомашинтай гэж мэдүүлсэн байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа ид дундаа орж, нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. Нэр дэвшигчид орон нутгийн хөгжлийн талаар мөрийн хөтөлбөртөө ямар зорилтууд тусгасныг харвал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга орон нутаг, аймаг сумын төвүүдийг тухайн бүс нутгийнхаа онцлог давуу талуудад тулгуурлан аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэн эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг Төрийн бодлогоор дэмжих, орон нутгаас төвлөрүүлсэн татварын тодорхой хувийг тухайн нутагт нь зориулах, зарцуулалтыг ил тод болгох, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжихээр тусгажээ.

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд аялал, жуулчлалыг бүс нутгийн онцлогт тохируулж бүсчлэн хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа амлаж байна. Мөн “Атрын аян”-ы хүрсэн төвшнийг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ татвар, зээлийн бодлогоор дэмжинэ гэжээ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлэх санаачилгуудыг дэвшүүлжээ.

Эх сурвалж: bloomberegtv.mn

 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2574