ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас Монголд олгох санхүүжилтийн хөтөлбөрийг ирэх наймдугаар сард хэлэлцэн батлах хүлээлттэй байгааг Дэлхийн банк мэдээллээ. Өмнө нь Сангийн яамны мэдээлж байснаар "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд дэлхийн банк 600 орчим сая ам.долларын санхүүжилт олгох хүлээлттэй байгаа юм. Мөн үүний 300 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларыг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаар Сангийн сайд мэдээлж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк Монгол Улсад төсвийн бодлогын болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн 12 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болсноо зарласан. Манай улс 1991 онд Дэлхийн банкны гишүүн орон болсон. Үүнээс хойш Дэлхийн банк Монголд нийт 837.3 сая ам.долларын хөгжлийн санхүүжилт олгожээ. Харин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар Монголд хэрэгжүүлж байгаа зээл, буцалтгүй тусламжийн багц нь 188.5 сая ам.доллар байгааг Дэлхийн банк мэдээллээ. Үүнд Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй нийт 165.7 сая ам.долларын өртөг бүхий найман төсөл, 22.76 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилттэй мөн найман төсөл багтаж байна.
ДЭЛХИЙН БАНК: ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилтээ VIII сард шийдвэрлэнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2597