Лалын долоон улсын ногоон карт эзэмшигч иргэд АНУ-д чөлөөтэй нэвтэрч болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 1 дүгээр сарын 27-нд гарын үсэг зурсан зарлиг ёсоор дүрвэгчид хүлээн авах бүх хөтөлбөрийг 120 өдрийн хугацаагаар түр зогсоож, лалын долоон орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрэхийг хориглосон билээ.
Трампын шийдвэр Америк даяар эсэргүүцэл дэгдээв. Ногоон карт эзэмшигч нь АНУ-д байнга оршин суух эрхтэй байдаг боловч зарлигт дурдсан лалын орнуудын ногоон карт эзэмшигчид хоригт багтсан явдал нь дээрх зарлигийн хамгийн их зөрчилтэй заалт болжээ.
Харин зарлиг гарснаас хэдхэн хоногийн дараа Цагаан ордны албаны хүмүүс мэдэгдэхдээ, ногоон карт эзэмшигчид визгүй нэвтрэх хөтөлбөрийн мэдүүлэг өгөн АНУ-д 90 хүртэл хоногийн хугацаагаар нэвтэрч болно гэсэн тайлбарыг өгчээ.