Иргэд өнгөрсөн онд худалдан авсан нийт бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг өнөөдрөөс авч эхэллээ.
Төрийн сангаас Ebarimt.mn цахим сайтад бүртгүүлсэн иргэдийн банкны дансанд мөнгийг өчигдрөөс шилжүүлж эхэлсэн байна. Тус сан өдөрт 50 мянган хэрэглэгчдэд гүйлгээ хийх боломжтой аж. Ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох юм байна. Үүний 18 тэрбум буюу 50 хувийг цагаан сараас өмнө олгохоор төлөвлөснийг албаныхан дуулгалаа.
Өнөөдрийн байдлаар 63 183 компани НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 37532 цэг дээр НӨАТ-ын буцаан авалтын баримтыг хэвлэж буй аж. Харин 38800 бизнес эрхлэгч кассын машиныг хэрэглэж хэвшжээ. Өнгөрсөн онд нийт 621 538 хэрэглэгчээс 169 473 иргэн азтан болсон байна. НӨАТ-ын орлого өмнөх жилээс 70 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.