ЯГ ОДОО: Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны хороолол буюу “Ногоон нуур“ орон сууцны шав тавих ёслол болж байна

Report.mn

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу "Ногоон нуур" орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа яг одоо болж байна.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, БХБ-ын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад зочид төлөөлөгчид , бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллах залуучууд, оршин суугч иргэд хүрэлцэн ирсэн.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нийслэл, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын дундаас нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажил гэвэл Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн хөгжүүлж иргэдээ тохилог орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргээр ханган тэднийг эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

1008 айлын орон сууцанд 1008 хашаа байшинд амьдарч байсан иргэд орно

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Цаашдаа бид нийслэлийнхээ иргэдийг ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг авч ажиллана. Үүний нэг болох "Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны хороолол буюу "Ногоон нуур" орон сууцны шавыг тавих ёслол дээр ирээд байна. 

Нийслэл хотод маань тулгараад байгаа хамгийн хүндрэлтэй нэг зүйл бол агаарын бохирдол,  үзэгдэж харагдахгүй байгаа орчны бохирдол юм. Монгол улсын Засгийн газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтарч энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон арга хэмжээг авч ажиллахаар зорин ажиллаж байна. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч бид агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгааны төлбөрийг тэглэсэн. Төр засаг мөнгөгүй ч байлаа ч иргэд маань эрүүл байх ёстой юм. Тийм учраас бид энэ мэт арга  хэмжээнүүдийг цаашид авсаар байна. Өнөөдөр ийнхүү шаваа тавьж буй 1008 айлын орон сууцанд 1008 хашаа, байшинд амьдарч байсан иргэд нүүж орно. Бид цаашид монгол улсын засгийн газарт үзүүлж буй буцалтгүй тусламжийг зөвхөн нийслэлийн иргэдийг ая тухтай амьдрах бололцоог хангах ажлыг хийнэ. " хэмээлээ. 

Цаашид бид 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайг жижиглэн дахин хуваах бодлого баримталж ажиллана

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  "Миний бие ажлаа хүлээж авсан өдрөөс л эхлэн гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд онцгой анхаарч ирсэн бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөн хөгжүүлж, иргэдийг орон сууцжуулах асуудал дээр бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1506.1 га талбай, 16109 нэгж талбарыг хамарч байгаа. Энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа гэсэн үг юм.

Дээрхи 1506.1 га талбайд одоогийн байдлаар 34 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэгч 34 аж ахуйн нэгж нь төсөлд шалгарсан цаг хугацаа төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хурдан шуурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудтай үйл ажиллагааны гэрээг үргэлжлүүлэн хамтран ажиллана.

Дахин төлөвлөлтийн 18 байршилд дэд бүтцийн ажлыг шийдвэрлэх зорилгоор улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөс нийтдээ 140 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Цаашид бид 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайг жижиглэн дахин хуваах бодлого баримталж ажиллана. Зарим компаниудад тэдний санхүүжилтийн эх үүсвэр, техник хэрэгсэл, боловсон хүчний нөөц боломжоос давсан их хэмжээний талбай хариуцуулсанаас хамааран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсвийн хэрэгжилт удааширч газраа чөлөөлсөн иргэд хохирох асуудал гарч байгаа бөгөөд үүний улмаас иргэд амьдрах байргүй гудамжинд гарах хүртэл нөхцөл байдал үүсч байсан.

Өмнөх удирдлагуудын үед гарсан бодлогын алдаанаас хамаарч бий болоод буй алдаа дутагдлуудыг засч залруулах гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцогч талууд хүлээсэн үүргээ биелүүлэх, тэр дундаа газраа чөлөөлсөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зэрэгт өнөөдөр бидний барихаар шавыг нь тавьж буй “Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны хороолол онцгой ач холбогдолтой байх болно." хэмээлээ. 

“Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны барилгын  төслийг хэрэгжүүлэхэд Хотын захиргаанаас  газрын асуудлыг шийдвэрлэсэн бол Барилга, хот байгуулалтын яам энэ төсөлд барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэн оролцож байгаа ажээ. 

Энэ ажлын хүрээнд нийт 5.3 га газарт иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, авто машины зогсоол, авто болон явган хүний зам, тоглоомын талбай, ногоон байгууламжийг их бүрнээр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах 1008 айлын орон сууцны 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийн өөрсдийн орон сууцандаа ортол түр суурьшуулах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдэж буй орон сууцны 50 хувийг Нийслэлийн агаарын бохирдолт хамгийн өндөртэйд тооцогддог 1, 2-р бүсийн гэр хорооллын 182616 өрхийг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө "Нийслэлийн агаарын блхирдлыг бууруулах орон сууцны сан"-ийн дэмжлэгээр төлүүлэн орон сууц авч буй иргэдэд зориулан ашиглахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2784