Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчилж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорино. Түүний айлчлал энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Уг айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал юм. Манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.
Энэхүү айлчлалаар дамжуулан дараах сэдвүүдийг ярилцаж, санал солилцох аж.
- хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох,
- талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцах
- Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирох
- Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.