БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - ХАМБА ФИЛЬМ СТУДИЙН ЗАХИРАЛ, НАЙРУУЛАГЧ Б.ГАНБОЛД
Зочин:
Б.ГАНБОЛД
Байгууллага:
Хамба Фильм Студийн
Албан тушаал:
Захирал, Найруулагч
Ажиллах арга барил:
Шулуухан, шударга харилцаа

ganbold.byambaa.1


11 сарын 01, 2016

Үзсэн: 918

Одоогоос хэдэн жилийн өмнө "Орхидос" хэмээх киног анх үзээд хэд хоног бодолд автан явж билээ. Чанартай, мундаг бүтээл байсныг нуух юун. Гэхдээ энэхүү киног бүтээсэн эрхэмтэй 2017 онд уулзаж, ярилцаж, инээж хөөрч сууна гэдгээ тухайн үед огтоос төсөөлөөгүй юм. Өнөөдрийн зочин, найруулагч Б.Ганболд маань тун өвөрмөц нэгэн.

Үнсний сав нь хүртэл сумны хонгио байсан гээд та төсөөлөөд үз. Бүтээлүүд нь даацтай, хүнд нэгийг бодогдуулахуйц, яриа нь сонирхолтой, үлдэцтэй, үзэл бодол нь давтагдашгүй, өмссөн малгай нь хүртэл цор ганц буюу зөвхөн өөрт нь зориулж урласан гээд түүний бүх юм өөрийнх нь үгээр хэлэхэд "арван гайхамшиг". Орхидос, Тэнгри гээд чанартай бүтээлүүдийг гаргасан найруулагч маань тун удахгүй "Хоёр Амь" хэмээх шинэ киногоо гаргах гээд тун завгүй байхад нь очиж ярилцлаа. 

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хийх гэж байгаа ажлаа нэн тэргүүн сайтар төлөвлөнө. Төлөвлөхдөө би жижигхэн цааснууд дээр ноороглож бичдэг. Гэрийн, албан ажлын гээд тус тусдаа цааснууд бий. Төлөвлөсөн зүйлсээ дуусгаад дугуйлж дардаг. Дутуу хийсэн бол хагас дугуйлна. Хагас хийсэн шүү, маргааш эсвэл нөгөөдөр заавал гүйцээж хийгээрэй гэсэн тэмдэглэгээ юм уу даа. Бүрэн гүйцэд хийвэл бөөрөнхий хараар тэмдэглэнэ. Хийх гэж байгаа ажлын зохион байгуулалт, дэс дарааллыг толгойндоо сайтар боловсруулна. Мартахгүй болтлоо толгойндоо суулгана гэсэн үг. Тэгээд бэлтгэл ажил эхлүүлдэг. Ямар ч ажил байсан бэлтгэл ажил маш сайн хийгдэх ёстой. Мөн аливаа ажлыг хийхдээ миний баримталдаг гол зарчим бол анхаарал. Бүх юм анхаарлаас үүсдэг, эхэлдэг. Анхаарлаа сайн төвлөрүүлвэл алдаа бага гарна. Үйлдэл болгон, эхлэл болгон, машин зам гарах, хоол идэх, ажил хийх гээд бүх зүйл дээр ялгаагүй анхаарлаа сайн төвлөрүүлвэл алдаа бага гарна.. Найруулагч хүнд анхаарал, ажиглалт хэрэгтэй. Амьдралыг ажиглах, аж амьдралыг харах өнцөг, ертөнцийг үзэх үзэл гээд бүх зүйл анхааралтай холбоотой болов уу гэж боддог. Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэдэг шиг энэ бол миний сүүлийн 10 гаруй жилийн амьдралын туршлагаас олж авсан оюун санааны дүгнэлт, сэтгэхүйн онцлог гэх юм уу даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Хамгийн их хэрэглэдэг зүйлс бол ноорог цаас, бал, үзэг. Шинэ цаасан дээр юм бичиж чаддаггүй. Заавал ар талдаа юм хэвлэсэн юм уу ноорог ашигладаг. Шинэ цаасан дээр ерөөсөө сэтгэгдэл төрдөггүй юм. Их сонин. Би тэртэй тэргүй ноороглоод хаях учраас шинэ цаасан дээр бичиж яах юм бэ? Тийм хүсэл төрдөггүй. Цаасыг амьтай юм шиг ойлгож, хандаж байгаа юм. Энэ яагаад намайг бузарлаж байгаа юм бэ гэж бодно шд. Тийм биз дээ. Харин яг бэлэн болсон зүйлсээ шинэ цаасан дээр бичихэд их гоё. Сэтгэл хангалуун, өөдрөг, бардам бичдэг.

Толгойндоо юм боддог болохоос биш найруулагч хүн өөр юу хэрэглэх вэ дээ. Элдэв юманд дургүй. Би чинь одоо 11 кино дээр ажилласан амьтан. Найруулагчийн сандал гэдэг шиг тиймэрхүү юм надад хэрэггүй. Миний хүрэх юм биш. Би чинь кино хийхдээ тогтож сууж чаддаггүй хүн. Заавал очиж оролцоно, хэлнэ. Энэ бол миний арга барил гэдэг юм уу, дотроос хатгадаг зүйл.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цагаа хэмнэдэг хамгийн сайн арга бол цагаа урагшлуулж тавьдаг. Би цагийг асар сайн барьдаг, баримталдаг хүн.Гэрийн цаг, ажлын цаг, бугуйн цаг бүгдийг нь 10 минутаар урагшлуулж тавина. Бусдад ч тулгадаг гэх үү дээ. Манайхан бүгдээрээ 10 минутын өмнө очих нь байна шд (инээв). Оюутан болохоосоо өмнө л ингээд сурчихсан юм. Цаг өөрөө цаг хугацааны асар том илэрхийлэл, хүний амьдралын мөн чанарыг харуулах өнцөг юм л даа.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Түрүүн хэлсэн. Ноорог цаас. Машинд бас дэвтэр, бал, цаас бий. Ноорог цаасаа бариад, нугалаад халаасандаа хийгээд л явна. Би чинь социализмийн үлдэгдэл. Зарчимтай, диктатуртай өссөн. Ардчилалд адилхан хөл нийлж л явна. Бид нарын үеийнхний гол баримтлал бол аливаа юм цаг хугацаандаа байдаг, байх ёстой, бичиж тэмдэглэж байх, шударга зарчимтай байх л асуудал юм. Энэ мэдрэл муутай болоод ингээд бичиж тэмдэглээд байгаа юм биш. Энэ ажлыг яг дуусгаж чадсан уу гэдгээ л бичиж байгаа юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Ажил дээр бол төлөвлөгөө гаргахдаа сайн. Байлдааны тактик гаргахдаа өөрийгөө их сайн гэж ойлгодог. Амьдрал бол тэр чигтээ байлдааны тактик шдээ. Тактик муутай хүн л тэгээд байлдаанд бууж өгч, цагаан тугаа өргөж байгаа. Байлдааны тактикыг тогтсон зорилготой бичдэг байхгүй юу. Тэрийгээ биелүүлж байж л санаа амарна. Ялж байж л гэсэн үг. Ялахын тулд янз янзаар л үзнэ шдээ. Шаардана, загнана, гар зөрүүлнэ. Ер нь ялахын тулд бүхнээ л зориулна. Ялчихаад санаа амар тайван унтмаар байна шд. 

Гэртээ байвал гал тогоонд эргэлддэг. Мастер шүү дээ. Бас ор дэрийг гайхалтай хурааж чадна. Цэрэгт яваагүй тэгэхдээ. Ер нь найруулагч хүн бүхнийг чаддаг байх ёстой байдаг байхгүй юу. Нэрлээд байвал дуусахгүй. Ингээд болно. Ямар наана чинь архи ууж чадна гэж бичилтэй биш дээ. Тийм биз дээ (инээв).

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Найруулагч, уран бүтээлч хүний онцлог бол сайхан уран бүтээл хийчихээд, хүнд хүргээд үлдээдэгтээ л байгаа юм. Хорвоогоос халилаа гэхэд бүтээл нь үлдэнэ. Мөн хүмүүний оюун ухаанд жаахан ч гэсэн юм үлдээж, соён гэгээрүүлж байгаагаараа онцлог. Хүнд юм үлдээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Гайхалтай мэргэжил. 

Сайн сайхан зүйл гэвэл нэг бүтээл хийчихээд тэрийгээ дараа нь харахад их сайхан уужирдаг. Харин найруулагч хүн бүтээл эхлүүлэхээс авахуулаад л бэрхшээлтэй учирна. Зохиолоос эхлээд л бэрхшээл. Гэхдээ бэрхшээлийг найруулагч хүн өөрөө сонгож байгаа юм. Өөрөө дайн эхлүүлж байна л гэсэн үг шүү дээ. Дайн эхлүүлж байгаа учраас болж өгвөл универсаль байх ёстой. Зохиол, жүжигчин, зэрэг авалт, техник гээд цогц мэдлэгийг суулгахгүй бол болохгүй. Ямар нэг юм хийнэ гэдэг бол ерөөсөө бэрхшээл, саад тотгортой учирна л гэсэн үг шүү дээ. Тиймээс хэцүү байна, болохгүй бүтэхгүй байна гэж болохгүй. Дайраад, хэмх цохиод, мөргөөд, хагалаад л гарах хэрэгтэй. 

Ер нь Монгол тэр чигтээ л бэрхшээл байна шдээ. Гараад хаашаа ч харсан бэрхшээл. Нийгэм нь тийм л байгаа байхгүй юу. Харилцаа нь бэрхшээл болчихсон. Хүмүүс нь дандаа тийм адармаатай болсон, даган дууриадаг, үзэл бодолгүй, зорилгогүй. Нийгэм ийм л дүр төрхтэй байна. Энэ төрхийг илэрхийлж гэмээ нь тэрийг найруулагч гэж байгаа юм. Бэрхшээлийг бид уран бүтээлээр харуулж, ангижрах ёстой.

 


Гэрэл зургийг:
Б.Төмөрбэх болон Б.Батзаяа
Ярилцсан сэтгүүлч:
Э.Анхилуун